Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг 11 настай хүүхдэд хийх гэж байгаатай холбоотойгоор нийгмийн сүлжээнд зарим сөрөг мэдээлэл эрчээ авав. Тэгвэл энэхүү вакцин нь умайн хүзүүний хавдраас гадна ам залгиур, хошного шодойн хорт хавдар, үү, ургацаг гээд олон өвчнөөс хоёр хүйсийг сэргийлдэг гэдгийг эрүүл мэндийн салбарынхан хэлж байгаа. 2012 онд нэг удаа вакцин хийгээд болсон гэсэн.
Гэтэл сүүлийн 12 жил умайн хүзүүний хавдраар 4700 эмэгтэй өвдөж 1799 нь нас баржээ. Өөрөөр хэлбэл, энэхүү аюулт өвчнөөс сэргийлдэг вакцин нь байхад 1799 эмэгтэйг алдана гэдэг үнэхээр харамсалтай.
Монгол Улс НҮБ-ын Хүүхдийн санд захиалаад ДЭМБ-ын баталгаажуулсан вакциныг авдаг. Яг л АНУ, Англи, Австрал улсад хэрэглэж байгаа вакцинтай адил гэсэн үг.
Салбарын яамнаас ч мөн адил өнөөдөр папиллома вирусийн халдварын эсрэг вакцинжуулалттай холбогдуулан мэдээлэл өгөв. ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү“Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 472 дугаар тогтоолоор “Дархлаажуулалтын үндэсний товлол”-д Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг 11 настай хүүхдэд 1 тунгаар хийхээр шинэчлэн баталж, дархлаажуулах үйл ажиллагааг улсын хэмжээнд энэ сарын сүүлээр эхлэхээр төлөвлөж байгаа юм. Дэлхийн улс орнууд умайн хүзүүний хорт хавдаргүй болсноо зарлаж байхад манай улс уг хавдраар Азидаа тэргүүлж байна. Хүний папиллома вирусийн эсрэг вакцин умайн хүзүүний хорт хавдраас гадна бэлгийн үү ургацаг, шодойн хавдар, амны хавдар зэргээс хамгаалдаг. Монгол Улсад 4212 хүн умайн хүзүүн хорт хавдартай гэж оношлогдсон байна. Жилд 160 гаруй хүн энэ хавдраар нас барж, 400 гаруй хүн шинээр бүртгэгдэж байна. Эрүүл мэндийн салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүд өнгөрсөн хугацаанд олон эсэргүүцэлтэй тулгарсан ч даван туулж хуулиа батлуулан хүний папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтыг эхлүүлэх гэж байна. Вакциныг жил бүр хийснээр өвчлөлийн тоо, тархалт буурна. Үүнийг дагаад нас баралт буурах боломжтойг бусад улс орнуудын туршлагаас харж болно” гэлээ.
АШУҮИС-ийн Био-Анагаахын хүрээлэнгийн захирал Ч.Баттогтох “Зарим төрлийн вирус хорт хавдар үүсгэх чадвартай байдаг. Папиллома вирус 200 гаруй хэв шинжтэй. Үүний 50 хувь нь бэлгийн замаар дамждаг. Эдгээр вирус нь ам залгиур, шулуун гэдэс, амьсгалын эрхтэн тогтолцооны эрхтэнд хавдар үүсгэдэг гэдгийг дэлхийн вирус судлаачид, эрдэмтэд тогтоочихсон.
Энэ вирусийн халдварыг авлаа гэхэд шинж тэмдэг нь тэр дороо илэрдэггүй. Дэлхийд хорт хавдраас хамгаалдаг хоёр л вакцин байдаг. Үүний нэг элэгний хорт хавдрын эсрэг гепатит В вирусийн вакцин, нөгөө нь папиллома вирусийн эсрэг вакцин. Вакцинаар эрт дархлаажуулах нь ирээдүйд эрсдэлээс сэргийлэх боломжтой" хэмээн мэдээлэл өгөөд үнэн зөв мэдээллийг баталгаатай эх сурвалжаас авч байхыг иргэдэд уриаллаа.
Түүнчлэн ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма
өнгөрсөн хугацаанд хэд хэдэн халдварын үүсгэгчийн эсрэг вакцин хийснээр устгах, хяналтад авах нөхцөл бүрдсэн. Хүний папиллома вирусийн вакциныг дэлхийн 145 улс дархлаажуулалтын хөтөлбөртөө нэвтрүүлсэн. 9-14 насыг зорилтот бүлэг болгон хийж байгаа. Манай улс 11 настай хүүхдүүдийг дархлаажуулж, сэргийлэх боломжтой гэж үзэж байгаа тухайгаа мэдэгдлээ.