Монголын анхны мультимедиа платформ “Mongoliapress” агентлаг “Монгол бахархал" буландаа Мото спортын олон улсын хэмжээний мастер Пүрэвдоржийн Мөрөнг онцоллоо.  

 “Ялалт бүх зүйл биш. Ялахыг хүсэх нь чухал”

Төв Азийн зүрхэнд орших тал нутгаас дэлхийн “мото”-гийн оргил гэгддэг цөлийн олимпыг зорьж алдарт Дакар раллид уралдах эрхээ аваад буй П.Мөрөн 27 настай. Тэрбээр удам дамжсан мото спортын тамирчны үргэлжлэл бөгөөд олон улсын хэмжээний мастер А.Пүрэвдоржийн хүү. Тиймдээ ч П.Мөрөнг энэ спортод хөтлөн оруулсан хүн, түүний анхны багш аав нь юм. Сургуульд орж бийр, бичигтэй ч танилцаж амжаагүй зургаахан настай хүү төмөр хүлэгтэй “нөхөрлөж” улмаар хоббигоо болгосноор 2010 оноос эхлэн мэргэжлийн уралдаанчдын эгнээнд орж ирэв. Ийн бүхий л төрлийн ангилалд уралдаж эхэлснээс хойш 20 жил мотоциклын нуруунаас буулгүй салхи татуулан хурд, хүчээ сорихдоо өдгөө дотоодын 73, олон улсын 10 гаруй тэмцээнд амжилттай оролцоод буй. Тэр зуур хэсэгхэн хугацаанд Австралид суралцахдаа мото спортоос түр завсарласан ч их сургуулиа амжилттай төгсөж ирээд олон зүйлийг эргэцүүлж ойлгосон талаараа П.Мөрөн “Ухаан орсон цагаасаа мотоциклтой ойр өссөн. Унтсан ч сэрсэн ч хамт л байсан. Биеийн минь нэг хэсэг болсон мото спортоо орхих нь битгий хэл дахин хүч үзэх, Монгол Улсынхаа нэрийг дэлхийд цуурайтуулах хүсэлдээ автагдан их спортдоо эргэн хөл тавихаар шийдсэн. Мотоциклын уралдаан оюун ухаан, бие махбодь хоорондын гүн гүнзгий холбоог шаардахаас гадна уралдах үед оюун санааны уян хатан байдлыг бий болгодог.Би мотоцикл унахаараа огт өөр хүн болчихдог. Байнгын өрсөлдөөн дунд явна. Нөгөө талаас тэмцээний гараагаа санаснаараа эхлүүлээгүй сэтгэл дундуур байх, хэцүү үеийг даван туулах, ядарч туйлдах үед сэтгэлээ барихаас эхлээд маш их тэвчээр хатуужил шаарддаг. Мөн амжилтанд хүрэх сэтгэлгээг хэвшүүлэх нь ялахаас илүү чухал гэдгийг ойлгож авсан.

Тиймдээ ч “Ялалт бол бүх зүйл биш, харин ялахыг хүсэх нь чухал” гэдэг хүсэл эрмэлзлээр 2020 онд анхны 1500 км холын зайн ралли уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн үеэс эхлэн тухайн ангиллаар өрсөлдөх боломж Монгол хүнд байгаа гэдгийг олж харан өөрийн биеэр Дакар Ралли мото спортын олимпт хүч сорихоор шийдсэн. Мөн өөрийн мөрөөдөл болсон “Дакар Ралли” уралдаанд уралдах эрхээ гурван жил хүлээсний эцэст албан ёсоор гардаж авсандаа сэтгэл хангалуун байна” гэлээ.

Дэлхийн ралли уралдааны оргил гэгддэг Дакар раллид хүссэн хүн бүр уралдах боломжгүй. Дэлхийн цомын ранктай томоохон тэмцээнүүдэд амжилт үзүүлсэн байх зэргээс эхлээд чамгүй өндөр шалгууртай. Харин П.Мөрөн жил ирэх тусам чансаагаа ахиулсаар Монголоос мотоциклоор уралдаж байгаа долоо дахь, раллид оролцох эрхээ авсан 13 дахь тамирчин боллоо. Тэр тусмаа Аби Даби, Саудын Арабын газар нутгаар 8000 орчим км +40 градусын халуунтай элсэн манхан дундуур 14 хоногийн хугацаанд хурд, хүч авхаалж самбаагаа сорих цөлийн олимпод тал нутгийн хүү, Монголоос П.Мөрөн уралдахаар зэхэж байгаа нь бахархалтай.

                      Дакар ралли-2025:  Таны дэмжлэг түүх бүтээнэ

Дакар ралли 1978 онд Францын тамирчин, адал явдал хайгч Тьерри Сабины (Thierry Sabine) санаачлагаар үүссэн гэдэг. Тэрээр 1977 онд Ливийн Сахарын элсэн цөлд болж байсан Абиджан-Ницца раллид оролцож байхдаа цөлийн дунд төөрч, түүнийг хайж олохын тулд олон хоногийн турш элсэн цөл дундуур явж байжээ. Энэ үед Сахарын цөлийн эрс тэс, онцгой байгальд суурилсан адал явдалт уралдаан зохион байгуулах санаагаа олсноор дараа жил нь Парис хотоос эхэлж, Сенегалын нийслэл Дакар хотод дууссан бөгөөд “Парис-Дакар” хэмээх нэртэй болжээ. Анхнаасаа адал явдал хайгчид, жолоочид, техник сонирхогчдод зориулсан хүнд сорилт бүхий Дакар ралли ирэх онд Аби Даби, Саудын Арабын газар нутагт уралдах товоо зарлаад буй.

Дакар раллид оролцоход өндөр шалгуур давахаас гадна өртөг мөнгө ихтэй. Унаж уралдах мотоциклын түрээс, хамгаалалт хувцас хэрэгсэл, замын зардал, тэмцээний өмнөх техник үйлчилгээ, техникийн сэлбэг, механикч, нөөц багаж хэрэгслээс эхлээд зардал мөнгө хэдэн зуун саяар яригддаг.

Тиймдээ ч тамирчид ивээн тэтгэгч байгууллагуудтай болж спонсоруудаа дэлхий нийтэд сурталчилдаг. Энэ жишгээр П.Мөрөн ч мөн адил эх орныхоо төрийн далбааг тив дэлхийд мандуулж, мөрөөдлөө биелүүлэх том зорилгоо биелүүлэхийн тулд Монголчуудаас дэмжлэг хүсэж, цөлийн олимпт уралдах нутаг нэгтнээ дэмжиж хамтдаа түүх бүтээхийг уриалж байна.

Түүнд олон мөрөөдөл бий. Дакар раллид амжилттай уралдаж ирээд мото спортыг Монголд хөгжүүлж өөрийн гэсэн баг тамирчинтай болох зорилготой. Өнгөрсөн хугацаанд бодож санаж, зогсолтгүй хичээж ирсэн шигээ ирээдүйд эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд мандуулах олон олон тамирчныг төрүүлэх нь лавтай. Харин одоо тал нутгийн хүү П.Мөрөнг олноороо дэмжиж сүү өргөөд дэлхийн мото олимпод нь мордуулахыг мотоцикл сонирхогчдоос эхлээд түүний найз нөхөд дэмжигчид давалгаалсаар байна.

2025 оны DAKAR RALLY-д дэлхийн топ тамирчдаас шигшигдсэн 1060 тамирчин 75 орны төлөөлөл 5 ангиллаар (Мотоцикл, Дөрвөн дугуйт, UTV Т1/Т2, Машин, Трак) өрсөлдөхөөр зэхээд байна. Харин мотоциклын ангилалд 150-200 тамирчин өрсөлдөхөөр шалгарсны нэг П. Мөрөн билээ.