Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Монгол” нэгдлээс хэрэгжүүлсэн манлайлал, засаглал, нэгдлийн үйл ажиллагаа, үр дүнг сайжруулах тогтолцооны шинэчлэл, Үндэсний баялгийн санг бүрдүүлэх реформын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

“Эрдэнэс Монгол” нэгдэл засаглал, үйл ажиллагааны менежментээ сайжруулж тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлж ажилласны үр дүнд 2023 онд 599.6 мянган тонн зэсийн баяжмал, 35.1 сая тонн нүүрс олборлож, борлуулалтын орлого 14.9 их наяд, цэвэр ашиг 4.5 их наяд төгрөгт хүрч, улс болон орон нутгийн төсөвт 4.5 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлжээ. Энэхүү амжилтын үр дүнд гадаад валютын албан нөөцийн 77 хувь буюу 3.6 тэрбум ам.долларыг Монголбанканд төвлөрүүлж, нэгдлийн толгой компани 200 тэрбум, нэгдлийн хэмжээнд 394 тэрбум төгрөгийн хуримтлагдсан өр төлбөрийг төлж барагдуулжээ.

Танилцуулгатай холбогдуулан

-Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор төрийн өмчит уул уурхайн компанийн засаглал, үйл ажиллагаа, үр ашгийг сайжруулах замаар хуримтлалын санд ногдох орлогыг нэмэгдүүлэх, эрдэс баялгийн үр өгөөжийг ард түмэнд тэгш, шударга хүртээхэд чиглэсэн цогц шинэчлэлийн реформыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж ажиллах,

-"Ган үйлдвэрлэлийн цогцолбор", "Барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбор", "Нүүрс-химийн цогцолбор", "Жонш боловсруулах цогцолбор", "Кокс-химийн цогцолбор" үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулах газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг эрчимжүүлэх,

-Үйлдвэрлэл технологийн паркт эрхлэх үйлдвэрлэлийн салбар, үйл ажиллагааны чиглэл, бүтээгдэхүүний төрөл, паркийн байршлын жагсаалтад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хэрэгжүүлэх үйлдвэрлэл технологийн зургаан паркийг оруулах зэрэг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг үүрэг болголоо.

           Мөн экспортыг эрчимжүүлэх, гадаад валютын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор “Эрдэнэс Монгол” нэгдэлд Төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн эзэмшлийн ачааны вагоны хуваарилалтыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгав.