Хөрөнгө чинээтэй, хөгжингүй орнууд уур амьсгалын өөрчлөлтөд бэлэн байж, байгалийн гамшгаас сэргийлэхэд нь туслах зорилгоор орчны өөрчлөлтөд хамгийн ихээр нэрвэгдэж байгаа болон нэрвэгдэх магадлалтай хөгжиж буй болон ядуу буурай орнуудад нийт 300 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээр тохиролцжээ. НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний COP29 их чуулган Азарбайжены Баку хотод болж буй бөгөөд бараг 33 цаг үргэлжилсэн яриа хэлэлцээрийн эцэст олон улс дээрх шийдвэрт хүрсэн аж. Олон улс зөвшилцөлд хүрэхээсээ өмнө хэд хэдэн удаа мухардалд орж, хөгжиж буй болон уур амьсгалын өөрчлөлтөд илүү өртөмтгий орнуудын элч төлөөлөгчид хурлыг орхиж гарах хэмжээнд тулсан ч ийнхүү урьдчилсан шийдвэр гаргаад байна. Гэхдээ дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс болж хамгийн их хохирол амсаж байгаа арлын зарим улсын албаныхан дээрх мөнгөн дүнг хангалтгүй, дэндүү бага гэж үзжээ. Харин Швейцарь, Мальдив, Канад, Австралийн албаныхан чулуужсан түлшний хэрэглээг багасгах талаар дорвитой шийдэлд хүрсэнгүй гэсэн гомдол гаргаад байна.
Ажиглагчдын дүгнэж буйгаар энэ оны уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын их хурлын явцад АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль зэрэг томоохон сонгуулиуд ихээхэн саад болжээ. Ялангуяа Трамп ахин ялалт байгуулж, Цагаан ордонд эргэн суух болсон нь байгаль орчны хамгаалагч, дулаарлын мэргэжилтнүүдийн санааг түгшээж байна. Учир нь Трамп уур амьсгалын өөрчлөлтөд огт итгэдэггүй нэгэн бөгөөд дэлхийн жилийн дундаж температурыг одоогийнхоос нь нэмэхгүй байх зорилготой Парисын тунхагаас АНУ-ыг ахин гаргана гэж мэдэгдсээр байгаа юм. Тэрээр өмнөх засаглалынхаа үеэр ийм шийдвэр гаргасан ч Ерөнхийлөгч Байден улс орноо Парисын тунхагт буцаан нэгтгэж байв.