“Хангайн бүсийн зөвлөл” -ийн анхдугаар хуралдааны үеэр Хангайн бүсийн зөвлөл, ШУТИС, Япон Улсын “Онодера Юзер-Ран” групп хамтын ажиллагааны гурван талт санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд “Онодера Юзер- Ран” компани хангайн бүсээс 50 залууг сонгож зургаан сарын турш хүнс, хүнсний технологи, үйлчилгээ, барилга, мэдээлэл технологийн чиглэлээр үнэ төлбөргүй сургаж, хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа. Тодруулбал, хангайн бүсэд "Мэргэшсэн мэргэжилтэй ажилтан" төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, амжилттай төгссөн иргэдийг сонгон шалгаруулан, таван жилийн хугацаанд Япон Улсад хөдөлмөр эрхлэх боломжоор хангаж, дадлагажуулах юм. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэхээр зорьж буй. Хангайн бүсэд хэрэгжих томоохон бүтээн байгуулалт, төсөл, хөтөлбөрүүдэд чадварлаг боловсон хүчин хамгийн чухал учраас энэхүү санамж бичгийг байгуулж байгаа бөгөөд цаашид бүх бүсийн иргэдийг сургаж, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боловсон хүчнээ бэлтгэхэд анхаарч ажиллана.