Олон улсын Эрүүгийн шүүх Израилийн Ерөнхий сайд Биньямин Нэтаньяху болон Батлан хамгаалахын сайд асан Йоав Галант, мөн “Хамас” бүлэглэлийн ерөнхий командлагч Мохаммед Дейф нарыг дайны гэмт хэрэгтэн хэмээн зарлаж, баривчлах шийдвэр гаргажээ. Гэхдээ Дейф өнгөрсөн долдугаар сард Газын зурваст Израилийн агаарын халдлагад амь үрэгдсэн гэсэн мэдээ бий. Израиль, “Хамас”-ын аль аль нь өөрсдийгөө дайны болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдээгүй гэж мэдэгдсээр байна.
Израилийн Ерөнхий сайд Олон улсын Эрүүгийн шүүхийн шийдвэрийг “Еврейн эсрэг үзлийн илрэл” гэсэн бол “Хамас” бүлэглэл Нэтаньяху, Галант нарыг баривчлах шийдвэрийг “түүхэн алхам” хэмээн сайшаажээ. Гэхдээ Олон улсын Эрүүгийн шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх эсэх нь тус байгууллагын гишүүн 124 орны эцсийн санал хураалтаар шийдэгдэх юм. Эдгээр орны тоонд Израиль болон тус улсын гол холбоотон болох АНУ багтдаггүй болно.