Сошиал медиагийн эдгээр сувгийг эзэмшигч “Meta” компани бие даасан, хараат бус баримт шалгагчидтай хамтран ажиллахаа зогсоохоор болжээ. Оронд нь Х платформтой төстэй "community notes" гэх, зөвхөн хэрэглэгчдэд өөрсдөд нь хариуцлага хүлээлгэх шинэ системтэй болох гэнэ.
“Meta”-гийн гүйцэтгэх захирал Марк Цукербергийн мэдэгдсэнээр хөндлөнгийн хянагч, баримт шалгагчид “хэт нэг талыг баримталсан”, “хэт улс төрийн нарийн шүүлтүүртэй” хандлага гаргаж иржээ. Тиймээс хувь хүний үг, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг дэмжих үүднээс дээрх шийдвэрийг гаргасан гэсэн байна. Гэхдээ ажиглагчид түүнийг хэдхэн хоногийн дараа Цагаан ордны тэргүүний тангараг өргөх Дональд Трампын шахалтад орж ингэж шийдлээ, дээрх шийдвэр нь гурван тэрбумаар тоологдох сошиал медиа хэрэглэгчдийг аюулд орууллаа гэж үзэж байна. Учир нь Трамп Цукербергийг сошиал медиагаараа сонгуулийн үр дүнд хөндлөнгөөс нөлөөлөх гэлээ хэмээн удаа дараа шүүмжилж, торны ард суулгана гэж хүртэл сүрдүүлж байсан юм. Өнгөрсөн долоо хоногт гэхэд л Их Британийн Ерөнхий сайдын орлогч Ник Клегг “Meta” компанийн Олон улсын асуудал эрхэлсэн захирлын суудлаа өгч, оронд нь Америкийн Бүгд найрамдах намын хамгийн нэр нөлөөтэй гишүүдийн нэг, Трампыг дэмжигч Жоэл Каплан сонгогдсон нь олны анхаарлыг татаж байна.