Дональд Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаа албан ёсоор эхэлснээс хойш буюу өнгөрсөн нэгдүгээр сарын 20-ноос хойш одоо сурч байгаа болон дөнгөж төгссөн 1500 орчим гадаад оюутны визийг хүчингүй болгосон гэсэн мэдээ байна. Тэдний заримыг өнгөрсөн онд Газын дайныг эсэргүүцэгчдийн Америкийн их, дээд сургуулиудад зохион байгуулсан Палестинийг дэмжих жагсаал цуглаанд оролцож, Израиль улсын эсрэг болон иудейн шашинтнуудын эсрэг үзэл бодлоо илэрхийлсэн хэмээн визгүй болгосон бол зарим нь ердөө цахим орчинд Газын иргэдийн талд дуугарснаасаа болж эрхээ хасуулжээ. Мөн хурд хэтрүүлсэн зэрэг жижиг сажиг зөрчил гаргасны учир цааш суралцах эрхгүй болсон оюутнууд ч байгаа аж.
Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио 300 гаруй гадаад оюутны визийг хүчингүй болгосон гэж мэдэгдэж байсан юм. 1500 орчим гэсэн дээрх тоог харин гадаад оюутны асуудал хариуцдаг бие даасан хэд хэдэн байгууллагаас гаргасан бол Америкийн цагаачлалын хуульч нарын холбооны тооцоогоор энэ тоо хэдийнээ 4800 давсан байх магадтай гэнэ. Уг байгууллагын судалгаагаар Америкийн нийт 240 гаруй их, дээд сургууь, коллежийн оюутнууд Трампын бодлогын хохирогч болжээ.