Дэлхийн католик номтнуудын их хутагт, Ватикан буюу Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн, Ромын Пап Францис өнөө өглөө Ватикан дахь албан өргөө Каса Санта Марта ордондоо таалал төгсчээ. Тэрээр 88 настай байсан юм. Их хамбатан өчигдөрхөн олон нийтийн өмнө гарч, загалмайтны шашинт сүсэгт олондоо хандан Улаан өндөгний баярын ерөөл хэлсэн билээ.

Аргентин улсын иргэн болох түүний жинхэнэ нэр нь Хорхе Марио Берголио бөгөөд 2013 онд Ромын Пап ламаар сонгогдсон байна. Францис хутагт Америкийн эх газраас болон бөмбөрцгийн өмнөд хагасаас тодорсон анхны Пап төдийгүй энэ тооллын VIII зуунаас хойш сонгогдсон Пап лам нарын дотроос Европ тивд төрж өсөөгүй анхны Пап байв.

Тэрээр мөн манай улсад айлчилсан түүхэн дэх анхны Ромын пап байлаа.