Засгийн газрын татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг 23 сангийн нэг нь Боловсролын зээлийн сан. Гадаад, дотоодод боловсролын зээл, тэтгэлэг олгодог энэ сан хамгийн их хөрөнгө оруулалттайн дээр тэр хэрээрээ шударга бусын хонгил болсон нь илчлэгдээд байгаа. Хэдэн зуун саяар тооцогдох өндөр дүнтэй боловсролын хөрөнгө оруулалтыг эрх мэдэлтэй, өндөр албан тушаалтны хүүхдүүд “ногоон” гэрлээр авдаг. Журамд заасанчлан эргэж эх орондоо ирсэн, төлсөн нь тун ховор. Тиймдээ ч БЗС-гийн булхай луйвар дэлгэгдэх үеэр баахан улстөрчид сандарч, зарим нь ичсэн нүүрэндээ өөрийн болон үр хүүхдийнхээ төлбөрийг төлсөн нь саяхан. Тэглээ гээд энэ бол татвар төлөгчдийн мөнгийг үрсэнтэй харьцуулахад хумсын толион чинээ хувийг эзэлнэ.

Өнгөрсөн хугацаанд БЗС-гаар дамжуулж 360 тэрбум төгрөгийн гадаад зээлийн санхүүжилт олгосон. Гэвч өнөөдрийн байдлаар дөрвөн хувь нь л төлөгдсөн буюу 96 хувь нь төлөгдөөгүй хэвээр байна. АТГ-аас эхлээд хууль шүүхийн байгууллага шалгаж, шахаж шаардаад ч нэмэргүй бололтой. Гэтэл хэзээ мөдгүй 2025 оны Боловсролын зээлийн сангийн сонгон шалгаруулалт эхэлж, тэнцсэн оюутнууд гадагшаа сургуульдаа явна. Харин тэр үед Боловсролын зээлийн сан маань эргэн төлөлтгүй "хоосон” бахь байдгаараа байх юм бол жинхэнэ асуудал "босож" ирэх нь лав. Учир нь 2025 оны улсын төсөвт Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд 158.4 тэрбум төгрөг төсөвлөсөн. Түүний 33.6 тэрбум нь зээлийн эргэн төлөлтөөс санхүүжих юм. Өөрөөр хэлбэл, эргэн төлөлт заавал хийгдэж байж Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа хэвийн явагдана. Өөрөөр хэлбэл, олон хүүхдийн ирээдүй, сурч боловсрох эрх, хүсэл мөрөөдөл яригдаж байна.

Эндээс харвал Боловсролын сайд П.Наранбаяр одооноос л БЗС-гийнхаа эргэн төлөлтийг маш идэвхтэй хөөцөлдөхгүй бол амжихаа болих нь. Энэ чигээрээ боловсролын зээлийн сан “хоосон” хэвээр байх юм бол Засгийн газар цаашлаад Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг ч зогсох эрсдэлтэй нүүр тулна. Угтаа Боловсролын зээлийн сангийн санхүүжилтийн 35-45 хувийг Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт олгодог шүү дээ.

2024 онд “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт 338 хүүхэд шалгарч улс орон даяар сүр дуулиантайгаар гадагшаа гаргаж өгсөн бол энэ жил үргэлжлэх эсэх нь өнөөгийн боловсролын сайдаас хамаарахаар боллоо.

Эцэст нь хэдэн арван тэрбумын боловсролын хөрөнгө оруулалтын хариуцлага салбарын сайдын "толгой" дээр ирэх үү. Зүй нь дэлхийн ТОП сургуулиудад явахаар бэлтгэсэн хүүхдүүдийн мөрөөдлийг эрсдэлд оруулах эрх хэнд ч баймгүй. Тиймээс төр нь ч тэр, төлөх ёстой хүмүүс нь ч үүрэг хариуцлагаа ухамсарлаж дараагийнхаа хүмүүст боломжийг нь олгох ёстой.

Харин сангийн шинэчлэл ямар шатандаа яваа талаар Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, журмын биелэлтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргах шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Боловсролын зээлийн сангийн шинэчлэлтэй холбоотой 2025 оны сонгон шалгаруулалт шинэ журмаар явах ёстой. анай ажлын хэсэг санал, дүгнэлтээ боловсруулан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, холбогдох яаманд хүргүүлэхэд бэлэн болоод байна. Ер нь бол Боловсролын зээлийн сан алсын хараагаасаа эхлээд стратегийн хувьд шинэчлэл хийх шаардлага буй болжээ. Жишээлбэл, Боловсролын зээлийн сан гэх атлаа нийт санхүүжилтийн 87 орчим хувь нь тэтгэлэг болж олгогдож байна. Эдийн засгийн бүтэц өөрчлөгдөх тусам хөдөлмөрийн зах зээлтэй уялдаад эрэлт хэрэгцээтэй мэргэжилтэй нийцүүлэн Боловсролын зээлийн сангийн стратегийг тодорхойлох ёстой. Дэлхийн 100 топ сургуульд тэнцсэн хүүхдэд зээл хэлбэрээр олгогдож байна. Энэ нь харьцангуй ялгаатай байдал үүсээд байгаа юм.

Мөн өндөр мөнгөн дүнгээр буюу 100-200 мянган ам. долларын зээл авсан оюутан бакалавраа төгсч ирээд зээлийг эргэн төлөх нь асуудалтай. Ер нь дөнгөж бакалаврын түвшний боловсрол эзэмшээд өндөр хэмжээний зээл төлөх нь хэцүү учраас зээлийн эргэн төлөлт ч тааруу явж ирсэнтэй холбоотой байх. Тэгэхээр бакалаврын түвшинд эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр тэтгэлэг, магистр, доктор буюу ахисан түвшинд зээл олгохоор зохицуулах нь зөв байна.

Өөрөөр хэлбэл, ахисан түвшинд зээлээр суралцагч санхүүгийн хувьд зээлийг эргэн төлөх боломжтой болсон байна. Хоёрдугаарт, гадаадын их, дээд сургуульд суралцах хүүхдийн сонгон шалгаруулалтыг эрэмбэ, ерөнхий тест явуулж шалгаруулж байна. Зөвхөн эрэмбийг харах нь өрөөсгөл учраас тухайн хүүхэд өөрсийн санаачлагаар тэтгэлэг авсан бол үнэлэгдэж, оноожуулалтад нь ордог байх ёстой. Мөн тухайн сургуулийн төлбөрийн хэмжээг оноожуулалтад тусгах нь зөв хэмээн  үзэж байна. Яагаад гэвэл зарим сургууль эрэмбэ нь ойролцоо атлаа хэд дахин илүү төлбөртэй байх тохиолдол байдаг. Жишээлбэл, АНУ-ын Стэнфордын Их сургуульд 200 мянган ам.доллараар суралцуулахаар нэг хүүхэд явуулах нь уу эсвэл эрэмбээрээ ойролцоо Токиогийн их сургуульд яг энэ төсвөөр 10 хүүхэд суралцуулах уу гэдгийг бололцох ёстой. Энэ мэт уялдааг оноожуулалтад шингээж өгч байж, харилцан ашигтай, хүртээмжтэй зээлийн олголтыг шинэчлэн хэрэгжүүлэх боломжтой хэмээн үзсэн.

Зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй бол дотоодын их,дээд сургуульд суралцагч хүүхдүүд Монгол банкны хар жагсаалтад бичигддэг. Харин гадаадад суралцахаар зээл аваад эргэн төлөлт хийгээдгүй бол энэ хар жагсаалтад ордоггүй. Энэ ялгавартай байдлыг халах хэрэгтэй учраас журмын төсөлд санал тусгасан байгаа. Зээлийн эргэн төлөлтийг сайжруулах, зээлийн санг шударга ёсны зарчимд нийцүүлэхийн тулд шинэчлэл хийхээр саналыг боловсруулсан юм” хэмээгээд буй.