Нэрт дипломатч Г.Никольсон, дипломатч,судлаач Э.Сатоу, Ж.Камбон нар дипломат үйл ажиллагааны талаар өөр өөрсдийн тайлбаруудыг өгсөн байдаг. ОХУ-ын нэрт дипломатч В.И.Попов эдгээр тайлбаруудыг бусад толь бичгийн тодорхойлолтуудтай харьцуулан судалсны үндсэн дээр “дипломат ажиллагаа гэдэг бол улс гүрэн, засгийн газрын удирдагчид, гадаад хэргийн яам, дипломат төлөөлөгчийн газрууд” зэрэг гадаад харилцааны тусгай байгууллагуудаас улс хоорондын харилцаа явуулах шинжлэх ухаан юм. Яриа хэлэлцээ хийх ур чадвар, улс орны гадаад бодлогын чиг шугамыг тодорхойлох, түүнийг энх тайванч арга замаар хэрэгжүүлэхэд дипломатчид оролцох явдал мөн” гэж тодорхойлжээ.

Дипломат ажиллагааны гол зорилго бол улс орныхоо болон ард иргэдийнхээ язгуур эрх ашгийг хамгаалах явдал байдаг.

Дипломат ажиллагаа гэж юу вэ?

Олон улсын харилцааг хүч хэрэглэх замаар биш, хэлэлцээ зэрэг эв зүйн аргаар, олон улсын эрх зүйн  дагуу явуулахыг дипломат ажиллагаа /Diplomacy, дипломатия /  гэнэ. Дипломат үйл хэрэг гэдэг нь олон улсын санал зөрөлдөөнийг эв зүйгээр шийдвэрлэх урлаг юм. Энэ нь мөн олон улсын харилцааны хөгжлийг залж буй арга барил буюу чадвар болно. Харин урлаг болон арга барил нь тогтсон заншил болон журамд захирагдана.

Дипломат үйл ажиллагаа нь үргэлж тодоор илэрхийлсэн ёс жаягийн шинж чанартай байсан. Олон улсын харилцааны хөгжлийн явцад улс гүрэн, Засгийн газар болон олон улсын байгууллага хооронд ашиг сонирхлын зөрчил үүсэх тохиолдол бий. Иймд тэдгээрийн төлөөлөгчид, дипломатчид нь Засгийн газрынхаа үүрэг даалгаварыг биелүүлэн, уламжлалт арга барил ашиглан өөр өөр талууд харилцан хүлээн зөвшөөрөхүйц шийдвэр гаргахыг эрэлхийлдэг. Хэрэв шаардлагатай бол үндэсний ашиг сонирхлыг мөн харгалзан үздэг.

“Дипломат ажиллагаа” гэдэг нэр томъёо грекийн “Диплома” /díplōma / гэсэн үгнээс гаралтай. Эртний Грек улс элч төлөөлөгчдөдөө хэлэлцээ эрх олгосноо нотолж “диплома” гэж нэрлэгддэг давхарласан модон пайз олгодог байжээ.

Дипломат ажиллагаа нь тухайн улс орны гадаад бодлогын үндсэн арга хэрэгсэл болдог. Олон улсын гэрээ, хэлэлцээр, хуулийн хүрээнд Итгэмжлэгдсэн элч, төлөөлөгчөөр дамжуулан яриа, хэлэлцээ хийх /улс төрийн удирдагчид ч мөн яриа хэлэлцээ хийх/ нь дипломат ажиллагаа явуулах үндсэн арга замууд юм. Дипломат үйл ажиллагаа тодорхой түүхийг бүтээдэг. Дипломат ажиллагааны зорилго нь тухайн улсын өөрийн газар нутаг, түүх, эдийн засгаар тодорхойлогдсон үнэт зүйл, ашиг сонирхолыг хамгаалах явдал билээ. Тусгаар тогтнол, аюулгүй болон нэгдмэл бүрэн бүтэн байдлаа хадгалж хамгаалах нь тухайн улсын язгуур ашиг сонирхол байдаг юм.

Бие даасан байдлаар "Дипломат ажиллагаа" гэдэг үгийг Европод 16-р зууны сүүл үеэс хэрэглэж эхэлсэн. Англид дипломат ажиллагаа гэдэг үгийг анх 1645 оноос ашиглаж байжээ. Хожим нь Германы агуу эрдэмтэн Готфрид Лейбниц 1693 онд Дипломат эрх зүйн журам ("Codex Juris Gentium Diplomaticus") номдоо "дипломат" (латин. diplomaticus) гэдэг үгийг ашигласанаас хойш энэ нь "олон улсын харилцааны тухай" гэсэн утга агуулах болсон. Монгол хэл дээр "Дипломат үйл ажиллагаа", "Дипломат ажиллагаа" болон "Дипломат ёс" гэх мэтээр олон янзаар хэрэглэж ирсэн боловч "Дипломат үйл ажиллагаа" гэх нь утга агуулгын хувьд нийцэж байгаа юм.

Оксфорд толь-д «Дипломат үйл ажиллагаа – Яриа, хэлэлцээний замаар олон улсын харилцааг явуулах Элчин сайд, элч нарын явуулж буй арга, дипломат хүний үндсэн ажил буюу урлаг юм” гэж тодорхойлжээ.

Мөн “Дипломат үйл ажиллагаа нь төр, Засгийн газрын болон Гадаад харилцааны тусгай байгууллагуудын тэргүүн нарын тухайн улсын гадаад бодлогын зорилго зорилтыг хэрэгжүүлэх,  тус улсын эрх ашгийг хилийн чандад хамгаалах зарчмын үйл ажиллагаа юм" гэж Зөвлөлтийн үеийн тухайн улсын Гадаад хэргийн сайд асан А.Громыкогийн редакторласан 3 боть “Дипломат толь”-Дипломатический словарь/-д тодорхойлсон.

Европын хэд хэдэн оронд францын XIV Луи хааны Элч байсан Францын дипломатч Франсуа Кальер  70 настайдаа 1716 онд “On the Manner of Negotiating with Princes” /Хаадтай хэлэлцээ хийх арга хэлбэрүүд/ гэж ном бичиж хэвлүүлсэн.  Энэ ном гарсанаас хойш ”Дипломат үйл ажиллагаа бол онолын мэдлэг, өндөр ёс суртахууны зарчим дээр тулгууралсан шинжлэх ухаан, урлаг" гэж үзэх болсон.

Дипломат эрх зүйн үүсэл: Эрт дээр үеэс хаадууд хоорондоо харилцахын тулд элч, төлөөлөгч солилцон, тэдэнд тусгай эрх ямба эдлүүлэхийг бие биеэс шаардаж, уг шаардлагыг биелүүлэхгүй аваас харилцаагаа тасалдаг байжээ. 16,17 дугаар зуунд орчин үеийн улс гүрнүүдийн шинэ төрх төлөвшиж эхэлсэнтэй уялдан дипломат болон консулын газрууд үүсэн бий болж,тэдгээр газруудын эрх зүйн хэм хэмжээг хуульчлан томьёолох анхны оролдлого эхэлсэн.

Дипломат эрх зүйн хөгжилд монголчууд ихээхэн хувь нэмэрээ оруулсан бөгөөд та бидний мэдэх “алтан гэрэгэ” буюу анхны дипломат паспортыг бидний өвөг дээдэс тэртээх 13 дугаар зуунд бий болгосон түүхтэй.

1708 онд ИБУИНВУ-ын хатан хаан Анн дипломат ямбаны эрх зүйн талаар анхны эрх зүйн акт гаргасан. 18 дугаар зуунд олон улсын харилцаа тэлж, худалдаа хөгжин, байнгын дипломат төлөөлөгч солилцох үеэс мэргэжлийн дипломатч гэсэн ойлголт бий болсон.

Дипломат үйл ажиллагааг оролцогчдын хүрээгээр нь:

а/Хоёр талын дипломат ажиллагаа

•Bilateral diplomacy

б/Олон талт дипломат ажиллагаа

•Multilateral diplomacy хэмээн ангилдаг.

Хоёр талын дипломат ажиллагаа тухайн хоёр улсын харилцааны түвшин, төрөл бүрийн салбарын харилцааны шаардлагатай уялдан янз бүр байдаг.

Олон талт хэлбэр нь олон улсын байгууллага, олон этгээдийн, бүс нутгийн гэрээ хэлэлцээрийн түвшинд хэрэгждэг. Олон талт дипломат ажиллагааны нэг хэлбэр бол улсуудын төрийн тэргүүнүүд оролцож, хүн төрөлхтөний өмнө тулгараад буй асуудлуудыг бүс нутаг, дэлхийн хэмжээнд авч үзэж, тодорхой шийдвэр гаргадаг байна./Жиш-бэл, 2024 оны 11 дүгээр сарын 11-22-нд Азербайджан улсад болж буй дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг КОП-29 олон улсын хурал/

Дипломат ажиллагаа нь доорхо ангилалтай байна. Үүнд:

Улс төрийн харилцаа буюу улс төрийн дипломат ажиллагаа

Эдийн засгийн дипломат ажиллагаа

Соёлын дипломат ажиллагаа

Олон нийтийн/ардын/ дипломат ажиллагаа

Хүрээлэн буй орчны дипломат ажиллагаа

Хурлын дипломат ажиллагаа

Цэргийн дипломат ажиллагаа

Цөмийн дипломат ажиллагаа

Улс төрийн харилцаа буюу улс төрийн дипломат ажиллагаа

•Улс төрийн дипломат ажиллагаа нь дипломат ажиллагааны уламжлалт хэлбэрийн нэг юм.

•Нэг улс нөгөөдөө хандах байр суурийн илэрхийлэл, харилцааны үндэс болдог.

•Улс гүрнүүд олон улс,бүс нутгийн байдал,дэлхий дахины түгээмэл болон тулгамдсан асуудлуудаар нэгдмэл,эсвэл ижил төстэй байр суурь,бодлоготой байснаар найрсаг харилцаагаа бэхжүүлдэг.

•Газар нутгийн,үндэсний цөөнхийн буюу ашиг сонирхлын ноцтой зөрөлдөөн,маргаан байхгүй байх нь найрсаг харилцаатай байх таатай хөрсийг бүрэлдүүлдэг.

Улс төрийн дипломат ажиллагаанд төр,засгийн тэргүүн нарын харилцан айлчлал,парламент хоорондын хэлхээ холбоо чухал үүрэг рольтой.

Жишээлбэл;1990-ээд оны сүүлчээр манай хоёр хөрш ОХУ, БНХАУ-ын дээд хэмжээний уулзалтууд тогтмол болж гаргасан баримт бичгүүдэд харилцааны түвшин хуучнаасаа эрс сайжирсныг задлан шинжилж үзэж болно.

Энэ орнууд 2001 онд болсон дээд хэмжээний айлчлалын үеэрээ “сайн хөрш, найрамдалт хамтын ажиллагааны гэрээ” стратегийн түншлэлийн түвшинд хамтын ажиллагаагаа явуулж эхэлсэн.2014 онд БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жин Пин, ОХУ-ын Ерөнхийлөгч Б. Путин нар харилцан айлчилсан ба харилцааныхаа хэтийн төлөвийг тодорхойлж, улс төрийн харилцаагаа шинэ түвшинд гаргасан. ОХУ-Украйны зэвсэгт мөргөлдөөнөөс шалтгаалан барууны орнуудаас ОХУ-д олон төрлийн улс төр, эдийн засгийн хориг тавьж, олон улсын тавцанд ганцаардуулах бодлого явуулж буй ч олигтой үр дүнд хүрэхгүй байгаагийн нэг шалтгаан нь эдгээр орнуудын улс төрийн харилцааны тогтвортой байдал мөн юм.

Эдийн засгийн дипломат ажиллагаа

Эдийн засгийн дипломат ажиллагаа гэдэг нь эдийн засгийн арга хэрэгслийг ашиглан олон улсын тавцанд үндэсний эрх ашгаа хангах, эдийн засгийн аюулгүй байдлаа дипломат аргаар хамгаалах үйл ажиллагаа юм.

Экспорт, импорт, хөрөнгө оруулалт, зээл тусламж, чөлөөт худалдааны гэрээ, хэлэлцээр зэрэг нь эдийн засгийн дипломат ажиллагааны бүрэлдэхүүн хэсгүүд юм.

Эдийн засгийн бодлогын асуудалтай холбоотой дипломат ажиллагааг гадаад бодлогын тодорхой зорилтын хүрээнд эдийн засгийн нөөц баялгийг урамшуулал буюу шийтгэл болгон ашиглах байдал сүүлийн жилүүдэд олон улсын харилцааны орон зайд ихээр харагдах боллоо. Дэлхийн 2 дугаар дайны дараа эдийн засгийн шинэ дэг журмыг АНУ дангаараа, гэхдээ Их Британитай хамтарч үйлдвэр хөгжсөн улсуудтай зөвшилцөн тогтоож байна./АНУ-ын судлаачдын дүгнэлт/ Эдийн засгийн дипломат ажиллагаагаар дамжуулан улс орнууд эдийн засгийнхаа аюулгүй байдлыг хамгаалан бэхжүүлэхэд онцгой анхаардаг.

Соёлын дипломат ажиллагаа

Орчин үеийн дипломат ажиллагааны нэг шинэ хандлага бол соёлын дипломат ажиллагаа юм. Соёлын дипломат ажиллагааг улс гүрнүүдийн хооронд эртнээс хэрэглэж ирсэн. Нэг улсаас нөгөө улсад очиж ямар нэг хэмжээгээр соёл, ёс заншлаа түгээж байсан аялагчид, худалдаачид, эрдэмтэд, багш нарыг “албан бус соёлын элч нар” гэж үздэг.

Улс үндэстнүүд итгэлцэл, харилцан ойлголцолд хүрэх зорилгоор соёлын талаарх мэдээлэл, мэдлэг солилцдог нь улс түмний харилцаанд нааштай нөлөөлөх чухал арга хэрэгсэл юм. Технологийн хөгжил даяаршлын үйл явцыг хурдасгаснаар улс үндэстнүүдийн хоорондын харилцаа төрөөс эхлээд иргэдийн түвшинд байнгын шинжтэй болж, харилцан ойлголцол улам бүр зайлшгүй болж байгаа нь улс орнуудын соёлын гадаад бодлогодоо илүү анхаарал хандуулахыг шаардаж байна.

Хоёр улсын хооронд итгэлцлийн уур амьсгал бүрдүүлэхэд төрийн албан ёсны яриа хэлэлцээнээс гадна соёлын солилцоо, хамтын ажиллагаа зайлшгүй бөгөөд “гадаад бодлогын гурав дахь тулгуур” гэж үздэг./ Вилли Брандт/

Олон нийтийн дипломат ажиллагаа

Олон нийтийн дипломат ажиллагаа нь улс орнуудын харилцааг иргэдээр нь  дамжуулан ойртуулж, тэдний дунд харилцан итгэлцэл, ойлголцлыг бий болгох замаар гадаад бодлогын таатай орчинг бүрдүүлэх зорилготой дипломат ажиллагааны нэг хэлбэр юм.  20 дугаар зууны дунд үеэс шинэ дипломат ажиллагааны бүрэлдэхүүн хэсэг болсон олон нийтийн дипломат ажиллагаа нь дэлхий дахиныг хоёр туйлт тогтолцооноос олон туйлт руу шилжсэн үеэс эхлэн улам идэвхижиж ялангуяа өнөө цагийн  нөхцөл байдалд олон улсын тогтвортой байдалд хувь нэмэр оруулах чадамжтай гол дипломат ажиллагааны нэгд зүй ёсоор тооцогдож байна. Төр засгаас гадаад орнуудын талаар баримтлах бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд нийгэм дэх сонирхлын бүлэгүүд, ТББ, олон нийтийн оролцоо, нөлөө бүхий иргэд хоорондын харилцаа зэргийг ашиглах, хамтран ажиллах замаар улсынхаа гадаад бодлогыг бусад гүрэнд ойлгуулж, эерэг сэтгэгдэл төрүүлснээр засгийн газарт  нь нөлөөлж, харилцаа хамтын ажиллагааны таатай уур амьсгал бий болгож, улмаар практикт хэрэгжүүлэх боломжтой учраас орчин үед тохирох зөв оновчтой дипломат ажиллагаа бол олон нийтийн дипломат ажиллагаа юм.

Хүрээлэн буй орчны дипломат ажиллагаа

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, дулаарал, агаарын болон далай тэнгис, гол мөрний бохирдол,байгалийн баялагийн хомсдол, цөлжилт зэрэг нь улс орнуудын хил хязгаарыг даван нийт хүн төрөлхтөний цаашдын оршин тогтнол, хөгжил дэвшилд аюул занал учруулж байна. Эдгээр аюул занал нь улс орнуудыг төдийгүй бүс нутаг, бүхэл тивийг хамарч байгаа учраас түүнээс урьдчилан сэргийлэх, шийдвэрлэхийн тулд олон улсын түвшинд хамтран ажиллах зайлшгүй шаардлага зүй ёсоор урган гарч байгаа билээ. Товчоор хэлбэл хүрээлэн буй орчны дипломат ажиллагаа гэдэг нь байгаль орчныг хамгаалах чиглэлээр улс орнуудын явуулж буй дипломат ажиллагаа, тодруулбал энэ чиглэлээр явагдаж буй олон улсын хамтын ажиллагаа, олон талт яриа, хэлэлцээний үйл явц гэж тодорхойлж болно.

Хурлын дипломат ажиллагаа

Хоёр буюу түүнээс дээш улс харилцан тохиролцож, олон улсын болон хоёр талын харилцааны асуудлаар, түүнийг шийдвэрлэх зорилгоор явуулдаг уулзалтыг олон улсын хурал гэдэг. Олон улсын хурал нь олон талт дипломат ажиллагааны нэг хэрэглүүр бөгөөд түүний үүрэг, ач холбогдол нь орчин үед улам нэмэгдэж байна. Дэлхий дээр НҮБ-ын системийн хүрээнд жилдээ 20000 хурал болдог гэсэн тооцоо бий. Хурлын дипломат ажиллагааны хүрээнд эдгээр хурлуудыг голчлон авч үзнэ. Хурлын дипломат ажиллагааны гол хэлбэр бол хэлэлцээ юм. Яриа хэлэлцээ нь хурлын зорилгод хүрэхийн тулд хамтран ажиллах үндсэн хэрэгсэл бөгөөд хурлын өмнө болон явцад бий болсон маргаан зөрчилдөөнийг зохицуулах зарчмаар өргөн хэрэглэгддэг.

Цэргийн дипломат ажиллагаа

Цэргийн дипломат ажиллагаа нь эрт дээр үеэс улбаатай ойлголт юм. Дипломат ажиллагааны бусад арга хэрэгслүүдээс ялгаатай нь цэргийн дипломат ажиллагааг энхийн гэхээсээ илүү асуудлыг хүчээр шийдвэрлэх, сүрдүүлэх зэрэгт ашиглаж байсан түүх байдаг. Өөрөөр хэлбэл цэргийн дипломат ажиллагааг их гүрнүүдийн жанжлалын хэлбэр гэдгээр нь түгээмэл ойлгож байсан нь 20 дугаар зууны эхний хагаст АНУ тэнгисийн их гүрэн болж, тэнгисийн цэргийн “Ташуурын дипломат” бодлогыг явуулж байсантай холбоотой юм. Хүйтэн дайн дууссаны дараа олон улсын харилцааны нөхцөл байдал өөрчлөгдсөнөөр цэргийн дипломатын бодлого хөгжлийн шинэ үедээ орсон бөгөөд гадаадад ЭСЯ-дын дэргэд суух цэргийн атташе нарын үйл ажиллагаа эрчимжиж, тэдний  хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд гүйцэтгэх үүрэг, ач холбогдол улам нэмэгдсэн.

Цөмийн дипломат ажиллагаа

АНУ анх 1945 онд цөмийн зэвсэг туршиж, хэрэглэснээр цөмийн эрин үе эхэлсэн гэж үздэг. Цөмийн эрин үе эхэлснээр олон улсын харилцаанд цөмийн зэвсэг онцгой байр суурь эзлэх болж, улс гүрнүүдийн харилцаа төдийгүй дэлхийн олон улсын харилцааны системд өөрчлөлт орсон. Цөмийн зэвсэг бүхий улсууд цөмийн дипломат бодлогыг өргөн ашиглах болсон. Хүйтэн дайн”-ы үед цөмийн дипломат ажиллагааг “цөмийн зэвсэг хэрэглэхээр сүрдүүлж, дипломат зорилгодоо хүрэх ажиллагаа” хэмээн тодорхойлж байв. Орчин үед цөмийн дипломат ажиллагаа хэмээх ойлголт илүү өргөн хүрээг хамрах болсон бөгөөд цөмийн зэвсгийн хяналт, зэвсэг хураах, цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах, , цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх зэрэгт гол анхаарлаа чиглүүлэх болсон.  Тиймээс цөмийн дипломат ажиллагаа бол улс гүрнүүд, олон улсын байгууллагууд, хувь хүмүүс болон хил дамнасан улс-бус байгууллагууд, тоглогчид янз бүрийн зорилгод хүрэхээр цөмийн холбогдолтой асуудлууд, / материаллаг ба материаллаг бус/ ашиг сонирхлын талаар өөр хоорондоо харилцаж буй харилцаа  хэмээн тодорхойлдог.

Дипломат алба гэж юу вэ?

Дипломат ажиллагааг эрхлэн явуулдаг төрийн төрөлжсөн механизмыг  дипломат алба гэнэ. Өөрөөр хэлбэл бусад орны засгийн газруудтай холбоотой байхын тулд аль нэг орны засгийн газрын эрх мэдэлд байдаг дипломатчид болон гадаад харилцааны ажилтнуудын байгууллагыг дипломат алба гэнэ.

Дипломат алба нь гол төлөв төрийн томоохон албаны хэсэг, заримдаа гадаад яамны бүрэлдэхүүн хэсэг байдаг.

Дэлхийн олонх улс орон энэ албыг Дипломат албаны хууль баталж зохицуулжээ. Жишээ нь АНУ-д 1924 онд Дипломат албаны анхны хуулиа гаргасан байна./Рожерс акт/

Олон орны Дипломат албаны хуулинд нийтлэг тусдаг зүйл нь тухайн улсын дипломат албаны тогтолцоо, түүнд ажиллагсад, тэдний эрх зүйн байдал, дипломат цол, дипломат албанд орох болзол, энэ албанд ажиллагсадын ажиллах нөхцөл зэрэг түгээмэл асуудлыг хамарсан байдаг боловч тухайн орны төрийн болон дипломат албаны онцлог, шинэчлэл, дипломат төлөөлөгчийн газрын байршил зэргээс шалтгаалан хуулийг байнга шинэчлэн баяжуулж байдаг. Жишээ нь, АНУ-д 1924 оны хуулиар дипломат болон консулын алба салангад байсныг 1946,1980 онуудад шинэчилж, тус албуудыг нэгтгэж, дипломат албанд хатуу шалгалт, шалгуураар ордог ажлын үзүүлэлтээр тушаал дэвшүүлдэг журам тогтоосон байна.

МОНГОЛ УЛСЫН “ДИПЛОМАТ АЛБАНЫ ТУХАЙ” ХУУЛЬ

Монгол Улс 1961 оны 10 дугаар сарын 27-нд НҮБ-д гишүүнээр элссэн. Монгол Улс өнөөгийн байдлаар нийт 193 улстай дипломат харилцаа тогтоосон байна.

Монгол Улсын төрийн дипломат алба болон түүний тогтолцоо, хилийн чанадад явуулах үйл ажиллагаа, дипломат албанд ажиллагчдын эрх зүйн байдал зэргийг 2000 оны 10 сарын 05-ны өдөр УИХ-аас баталсан “Дипломат албаны тухай хууль”-иар зохицуулж байна. Энэхүү хуулинд “Монгол Улсын хууль тогтоомж,олон улсын эрх зүйн хэм хэмжээний хүрээнд Монгол Улсын төрийн гадаад бодлогын зорилт,чиг үүргийн нэгдмэл, залгамж чанарыг хадгалах замаар хэрэгжүүлэх мэргэшсэн үйл ажиллагааг дипломат алба гэнэ” хэмээн тусгасан байдаг.Дипломат алба нь төрийн тусгай алба бөгөөд Монгол Улсын төрийн гадаад бодлогын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн үйл ажиллагаа юм.

Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын болон олон улсын хууль, тогтоомжийг удирдлага болгон нэгдмэл, залгамж чанарын зарчмыг баримталдаг.

Эл үйл ажиллагааг Монгол Улсын Гадаад хэргийн яамнаас удирдан хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газар болон Консулын албаараа дамжуулан гүйцэтгэдэг.

ДЭЛХИЙН ОРНУУДЫН ДИПЛОМАТ АЛБАНЫ ЗОХИЦУУЛАЛТ ЯМАР БАЙДАГ ВЭ?

Дипломат төлөөлөгчийн газрын бүрэлдэхүүнд дараах байгууллагууд хамаарна. Үүнд:

Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам;

Олон улсын байгууллагын дэргэд суугаа Монгол Улсын байнгын төлөөлөгчийн газар;

Консулын алба /Монгол Улсын Ерөнхий консулын газар Консулын газар; Консулын төлөөлөгчийн газар/  орно.

Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр Дипломат төлөөлөгчийн газрын түвшин, байршлыг УИХ-аас тогтооно.

Дээрх байгууллагууд суугаа буюу хавсран суугаа орон, дэргэд суугаа Олон улсын байгууллагатай Монгол Улсыг төлөөлөн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн зэрэгцээ хилийн чанадад суугаа Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг олон улсын хууль тогтоомжийн дагуу дипломат аргаар хамгаалах чиг үүрэгтэй. Түүнчлэн консулын болон нотариатын үйлчилгээ үзүүлж, иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийг хөтөлнө.

Мөн улсын төсвөөс санхүүжиж, Монгол Улсын төрийн далбаа, соёмбо, тамга тэмдэг, хэвлэмэл хуудас, төрийн сүлд бүхий хаяг хэрэглэн Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын Дипломат харилцааны тухай, Консулын харилцааны тухай Венийн конвенциудаар олгогдсон дархан эрх, эрх ямбыг эдлэх эрхтэй.

Монгол Улсын дипломат албан тушаалд томилогдож, дипломат ажилтны тангараг өргөсөн Монгол Улсын иргэнийг дипломат ажилтан гэх бөгөөд энэ нь төрийн тусгай албан тушаал юм.  Энэ албан тушаалд томилогдох иргэн нь олон улсын эрх зүйн, эдийн засаг, улс төрийн харилцааны онолын зохих бэлтгэлтэй, дадлага туршлагатай, дээд боловсролтой, 2 буюу түүнээс дээш гадаад хэлийг шаардлагын түвшинд эзэмшсэн байх бөгөөд 1 нь түгээмэл гадаад хэл байна. Мөн ажлын зайлшгүй шаардлагаар онцгой мэргэшил, дадлага туршлыг харгалзан түгээмэл 1 гадаад  хэл эзэмшсэн хүний томилж болдог.  

Дипломат ажилтан нь албан үүргээ үнэнч  шударгаар биелүүлэн, уг албыг хаах хугацаандаа улс төрийн аливаа нам, хөдөлгөөний гишүүн байх, үйл ажиллагаанд нь ямар нэгэн хэлбэрээр оролцохоос түдгэлзэх үүрэг хүлээдэг. Эдгээр ажилтнуудын суугаа орны амьжиргааны  түвшинг харгалзан төрөөс ажиллах нөхцөл, баталгаагаар хангаж, хууль тогтоомжид заасны дагуу цалин хөлс, томилолтын зардал олгож, тодорхой баталгаагаар хангадаг. Тухайлбал, дипломат төлөөлөгчийн газарт ажиллагчдийн эхнэр буюу нөхрийг тухайн төлөөлөгчийн газрын ажлын хэрэгцээ шаардлагыг үндэслэн үйлчилгээ, техникийн ажилд гэрээгээр ажиллуулдаг. Хэрэв тухайн ажилтны эхнэр буюу нөхөр нь тодорхой ажил эрхлээгүй тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлийг төрийн албан хаагчийн үндсэн цалингийн дундаж хэмжээгээр бодож төр хариуцдаг байна.

Дүгнэлт

Дипломат ажиллагаа хүн төрөлхтөний түүхэн хөгжлийн явцад улам боловсронгуй болж, эдүгээ даяаршлын нөхцөлд түгээмэл шинжтэй, олон талын зохицуулалт бүхий эрх зүйн болон улс хоорондын харилцааны бие даасан салбар болтлоо хөгжиж олон улсын харилцааны орон зайг бүхэлд нь хамрах болсон.

Олон улсын эрх зүйн хэм хэмжээний зарчимд тулгуурласан, олон улсын харилцааны практикт нийцсэн бүрэн эрхт тусгаар улс орнуудын хооронд болон тусгаар улсууд ба олон улсын эрх зүйн бусад субъектууд хоорондох албан ёсны харилцааны үндсэн хэлбэр нь дипломат үйл ажиллагаа болж, түүний үүргийн ач холбогдол  өнөөгийн нөхцөлд энэ улам өсөн нэмэгдэж байна.

Дэлхий дахинд үүсэж буй зөрчил, хямралт байдал, дайн тулаан болон бусад олон улсын харилцааны тулгамдсан асуудлыг дипломат үйл ажиллагаа, яриа хэлэлцээний аргаар шийдвэрлэж байна.

ТҮЛХҮҮР ҮГ: Дипломат арга, дипломат үйл ажиллагааны ангилал, дипломат ажиллагаа, дипломат алба, улс төрийн харилцаа, эдийн засгийн харилцаа, соёлын харилцаа, олон нийтийн дипломат, цэргийн дипломат, цөмийн дипломат

Ашигласан ном зүй:

М.Дүгэрсүрэн, О.Хосбаяр. Дипломат ажиллагаа,дипломат албаны үндэс.УБ, 1998

Ч.Гаваадамдин.Тусгаар тогтнол ба дипломат бодлого үйл ажиллагаа .УБ, 2016, ISBN: 978-99973-0-806

Ж.Бор. Монголын дипломат товчоон. УБ, 2004

Н.Алтанцэцэг, Ж.Энхсайхан, С.Баясгалан, Д.Оюунсүрэн”Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангахад цөмийн зэвсэггүй бүсийн гүйцэтгэх үүрэг” УБ, 2008, Т.64

Д.Ганхуяг, Ш.Юмжав. Дипломат эрх зүй. УБ,2012, ISBN: 978-99962-947-4-7

Ц.Ганболд, Г.Энхтүвшин. Хилчин дипломатууд. УБ, 2022, ISBN: 978-9919-24-690-7

Жон Р.Вуд, Жиан Серре. Дипломат ёс горим ба ёслол. Вашингтон, 1970,Колумбын их сургууль,

Д.Цолмон. Гадаад бодлого, дипломат ажиллагааны зарим асуудал.УБ,2006

Ж.Бор. Монгол төрийн гадаад бодлого, дипломат уламжлалын зарим асуудал. УБ, 1988

Д.Оюунсүрэн.Гадаад бодлого, дипломат ажиллагаа, дипломат албаны үндэс.УБ, 2009

Монгол Улсын гадаад бодлогын хөх ном. УБ, 2017

МУ-ын “Дипломат албаны тухай хууль” УБ, 2000

ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЭ ДЭГ ЖУРМЫГ АНУ ДАНГААРАА, ГЭХДЭЭ ИХ БРИТАНИТАЙ ХАМТАРЧ ҮЙЛДВЭР ХӨГЖСӨН УЛСУУДТАЙ ЗӨВШИЛЦӨН ТОГТООЖ БАЙВ”

/АНУ-ЫН СУДЛААЧДЫН ДҮГНЭЛТ/