Өнгөрсөн сард болсон хүчтэй газар хөдлөлтөөр ихээхэн гарз хохирол амссан Мьянмарын нийслэл Нейпьидо хотыг ахин төлөвлөж, төрийн мэдлийн барилга байгууламжуудыг шинээр барихаа тус улсын цэргийн эрх мэдэлтнүүд мэдэгдлээ. Хотод байсан төр засгийн барилга байгууламжуудын бараг 70 хувь нь нурсан юм уу, сэргээн засварлах аргагүйгээр эвдэрч сүйдсэн тул засаг захиргааны зарим үйл ажиллагааг хуучин нийслэл Янгон руу шилжүүлээд байгаа аж.

Өнгөрсөн сарын 28-нд болсон газар хөдлөлтөөр 3500 гаруй хүн амь эрсдэж, 5000 гаруй хүн бэртэж гэмтсэн юм.

2005 онд улсын нийслэл болсон Нейпьидо хот Лондоноос бараг дөрөв дахин том, асар том нутаг дэвсгэртэй агаад ихэнх барилга нь хэт тэгш, сул хөрстэй газар баригдсан нь газар хөдлөлтийн хохирлын хэмжээ өсөхөд хамгийн их нөлөөлсөн гэж үзэх хүмүүс байна. Мьянмарын цэргийн эрх мэдэлтнүүд чухам юуны учир шинэ нийслэл хот барьж байгуулан, нийслэлээ нүүлгэснээ өнөөг хүртэл бүрэн дүүрэн, албан ёсоор тайлбарлаагүй аж.