Калифорнийн их сургуулийн эрдэмтэд хүний нүдний торлог бүрхэвчний тодорхой хэдэн эсийг өөрчилсний дүнд өмнө нь нэг ч хүний харж байгаагүй цоо шинэ өнгө нээсэн гэлээ. "Science Advances" сэтгүүлийн шинэ дугаарт нийтлэгдсэн судалгааны ажилд дурдсанаар цэнхэр-ногоон энэ өнгийг “оло” хэмээн нэрийдээд байгаа аж. Харин уг “нээлт”-ийг нээлт биш гэж үзэх, шинэ өнгө нээх боломж байхгүй гэсэн бодолтой хүн олон байна.

Судалгааг хийсэн таван эрдэмтэн өнгө ялгадаггүй эмгэгийг эмчлэхээр олон жил ажиллаж байгаа мэргэжилтнүүд аж. Тэдний үзэж байгаагаар оло нь өөр ямар ч өнгөнөөс ч илүү олон өнгө уусан нэгдсэн өнгө гэнэ. Мөн энгийн нүдэнд тэр бүр өртөхгүй, зөвхөн торлог бүрхэвчин дэх тодорхой өдөөгчийн тусламжтайгаар л тодорч ирнэ хэмээн тайлбарлажээ.