Бээжин хотод болсон Ижуаний гэгдэх хагас марафон гүйлтийн тэмцээнд нийт 21 робот мянга мянган гүйгчдийн дунд орон өрсөлджээ. Энэ нь хүн дүрст ухаалаг машинууд хүмүүстэй зэрэгцэн албан ёсоор спортын арга хэмжээ, уралдаан тэмцээнд оролцсон анхны тохиолдол гэнэ. Өмнө нь хуманойд роботуудыг гүйлтийн тэмцээнд оролцуулж байсан ч энэ удаа хүмүүстэй уралдсанаараа анхдагч болж байгаа аж.

Хятадын DroidVP, Noetix Robotics зэрэг компаниудын үйлдвэрлэсэн эдгээр роботууд 1.2 метрээс 1.8 метр хүртэл өндөр бөгөөд зарим нь инээмсэглэх, нүд ирмэх зэрэг нарийн ур чадвар, онцгой өгөгдөлтэй хийгдсэн байна. Роботууд хагас марафоны 21 км урт замыг туулахдаа тус тусын хүн-хөтөчтэйгөө оролцсон бол дээрх 21-ээс Бээжингийн Хүн робот бүтээх төвийн “тамирчин” Тяньгунь Ултра нэртэй робот замаа хоёр цаг, 40 минутад туулсан амжилтаар бусдыгаа тэргүүлжээ. Харин тэмцээний эрчүүдийн төрлийн ялагч замаа цаг, хоёр минутад туулан барианд орсон байна.

Зарим робот гараан дээр нэлээд будилж, нэг нь бүр хэдэн минут хөдлөлгүй хэвтэн, нөгөө нь гүйж эхлээд удаагүй байхдаа хашлага мөргөн унасан ч ямартаа ч бүгд замаа дуусгажээ.