Төрийн албаны зөвлөл нь орон тооны таван гишүүнтэй бөгөөд УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар тус бүр нэг, төрийн албан хаагчийн төлөөлөл болгон хоёр хүнийг нэр дэвшүүлэн томилдог. Тэдний бүрэн эрхийн хугацаа зургаан жил бөгөөд одоогийн гишүүдээс Б.Идэрчулуун, Д.Баатарсайхан нарын “томилолт”-ын хугацаа дуусаж байна. Б.Идэрчулууныг Ерөнхийлөгчийн Тамгын газраас санал болгосноор томилсон бол Д.Баатарсайхан нь төрийн албан хаагчийг төлөөлөн ажиллаж буй. Тэгвэл төрийн албан хаагчийн төлөөлөл болон ажиллах буюу Д.Баатарсайханы оронд томилох хүний сонгон шалгаруулалтыг зарлажээ. Харин Б.Идэрчулууны оронд Ерөнхийлөгчийн Тамгын газраас хэнийг нэр дэвшүүлэх бол.

Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч нь дараах шаардлагыг хангах ёстой. Тодруулбал:

•45 нас хүрсэн Монгол Улсын иргэн;

•Дээд боловсролтой;

•Төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил ажилласан, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд дөрвөөс доошгүй жил ажилласан;

•Төрийн удирдлага, эдийн засаг, эрх зүй, боловсролын чиглэлээр мэргэшсэн;

•Ял шийтгүүлж байгаагүй;

•Сүүлийн нэг жилийн хугацаанд улс төрийн намын аль нэг байгууллагад сонгуульт болон бусад албан тушаал эрхэлж байгаагүй;

•Сахилгын шийтгэлээр төрийн албанаас халагдаж байгаагүй байх ёстой.