Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон холбогдох бусад хуулийн төслийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцээд, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Монгол Улс 1972 оноос хойш Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээ, Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээтэй холбогдсон баталгааг хэрэглэх тухай хэлэлцээр, Цөмийн материалыг биечлэн хамгаалах, Цөмийн ослын талаар шуурхай мэдээлэх, Цөмийн террорист үйлдлийг хориглох тухай конвенц зэрэг олон улсын гэрээ, конвенцод нэгдэн орсон бөгөөд эдгээр олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ амжилттай биелүүлсээр ирсэн. 2009 онд УИХ-аас баталсан Цөмийн энергийн тухай хууль нь найман бүлэг, 51 зүйлтэй бөгөөд нийт 15 удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр найман бүлэг, 38 зүйлийн хэсэг, заалтад өөрчлөлт оруулж байжээ. Хууль хэрэгжих хугацаанд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, эрх зүйн харилцаанд гарсан томоохон өөрчлөлтүүдийг харгалзан холбогдох өөрчлөлтийг эдгээр хууль тогтоомжид оруулах зүй ёсны шаардлага үүссэн байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан Татварын ерөнхий хууль болон Хөрөнгө оруулалтын, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ.