Гудамж бол эрх чөлөөтэй дуулж болох хамгийн том тайз юм хэмээн тодорхойлж Монголд энэ төрлийн урлаг хөгжих, олон залуус ямар нэг айдасгүйгээр авъяас чадвараа нээх, бусдад хуваалцах орон зайг бий болгож, шинэлэг соёлыг түгээж буй хүмүүс бол гудамжны дуучид. Өөрсдийн гэсэн онцлог, өвөрмөц мэдрэмжээр дуулдаг хэсэг залуус нэгдэж, уран бүтээлээрээ олон нийтэд багахан ч гэсэн тайвшрал, эерэг бүхнийг түгээхийг зорьж байна. Тэдний төлөөлөл болох гудамжны дуучин гэдгээрээ танигдсан Б.Батбилгүүнийг зорьж очлоо. Тэрээр гудамжинд дуулаад дөрвөн намрыг үзэж буй. Монголд “Street busking” гэж урлагийн төрөл байдаг гэдгийг мэдрүүлэхийн тулд гудамжинд дуулдаг гэнэ. Мөн анх дуулж эхэлж байхад нь “Та нар гуйлга гуйж байгаа юм уу” гэсэн хандлагаар хүлээж авдаг байсан бол өнөөдөр хүмүүс харьцангуй ойлгодог, мэддэг болсон нь анзаарагдсан талаар
“Миний хувьд blues soul rnb rocknroll урсгалаар дуулдаг. Сүүлд funk руу орох гээд л байгаа. Анх хүмүүс их эвгүй хүлээж авдаг байсан. Зорьж ирээд гайхсан нүдээр юу хийж байгаа юм бэ гэж асуусан удаа цөөнгүй. Гэхдээ бүх зүйл тийм саар байгаагүй ээ. Чин сэтгэлээсээ баярлаж, бахдаж хүлээж авдаг, ирж сонсдог хүмүүс хамаагүй олон байсан” гэв.
Б. Батбилгүүн урин дулааны улиралд орой 20:00 цагаас шөнийн 00:00 цаг хүртэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Хүүхдийн 100, Пантам зэрэг хүний хөл хөдөлгөөн ихтэй газруудад дуулдаг. Ихэнхдээ хүмүүс гадаа дуулж буй хүн бүрийг “Open mic Mongolia”-тай андуурах явдал цөөнгүй гэнэ. Мөн дуугаараа нэмэлт орлого олоод явдаг. Тэрээр “Нэг их их мөнгө олохгүй л дээ. Хөгжим техникээ сайжруулах тал дээр л олсон орлогоо ашигладаг. Гадаадад том дуучид гудамжинд дуулж олсон мөнгөөрөө дуу клипээ хийж, олны танил болсон хүмүүс их байдаг юм байна лээ. Манайд тийм зэрэглэлд очиход хугацаа нэлээн орох байх. Гэхдээ анх мөнгө хийдэг гитарны саваа дэлгэж тавьж чадахгүй ичээд би, чи дээрээ тулдаг байсан. Сүүлдээ дасаад гайгүй болцгоосон” гэж ярилаа. Тэд бол Улаанбаатар хотын гудамжийг эгшиг, дуу хуураар амилуулж олон хүнд мэдрэмж бэлэглэж буй сод авьяастнууд билээ.
Б.Бямбадэлгэр