Л. Минкус “Дон кихот” балетын анхны гол дүрүүдийг бүтээж байсан УДБЭТ-ын ахмад балетчин, Ардын жүжигчин О. Ганбаатарын мэндэлсний 80 насны ой тохиож байна. УДБЭТ-ын зүгээс түүнд хүндэтгэл үзүүлэн Л. Минкус “Дон Кихот” балетыг энэ сарын 09, 10-ны өдрүүдэд тоглох гэж байна.
“Дон Кихот” балетыг М.Д.Сервантесийн “Ла Маншийн ноён Кихот” романаас сэдэвлэн бүтээсэн байна. Алдарт балет дэглээч М.Петипа Л.Минкусын хөгжим дээр дэглэн тавьж, 1869 оны 12-р сарын 26-нд Москва хотын Их театрын тайзнаа анхны тоглолтоо хийжээ. Харин Монголын тайзнаа анх 1971 оны гуравдугаар сарын 1-нд тоглож байсан түүхтэй. Эхлэл бүхий гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт энэхүү балетын балетмейстраар АЖ, ТШ, ХБ Б.Жамъяндагва анх ажилласан. Тус балетыг 2002 оны арванхоёрдугаар сарын 14-нд сэргээн тавьсан.
Л. Минкус “Дон кихот” балет энэ удаад 66, 67 дахь удаагаа тоглох гэж байна. Тус өдрүүдэд О. Ганбаатар багшийн тоглож байсан дүр, уран бүтээлийн үзэсгэлэн гарах юм. Ардын жүжигчин О. Ганбаатар 1971 онд Дон кихот балетыг театрын тайзнаа тоглоход балетын год дүр “Базиль/Үсчин залуу/-гийн дүрийг бүтээж байсан түүхтэй. УДБЭТ-ын Ахмад балетчин, Балетын дасгалжуулагч багш Ардын жүжигчин О. Ганбаатар нь 1956-1962 онд Ташкентийн СБС-д суралцаж төгсжээ.1962 оноос УДБЭТ-т балетын гоцлоочоор ажилласан ба балетын анхны гоцлол бүжигчдийн нэг юм. Тэрээр 1969 онд “Гавьяат Жүжигчин, 1976 онд “Ардын жүжигчин” цол хүртсэн түүхтэй. Дон Кихот балет нь дэлхийн алдартай бүтээлүүдийн нэг аж. Тус балетыг бүтээхдээ Л.Минкус Петипад цэвэр Испани уур амьсгал, мэдрэмжээр дүүрэн хөгжим бичиж өгсөнөөрөө онцлог юм. Өвгөн ноён Кихот өөрийн адал явдлыг эрэлхийлэн элдэв янзын түүх зохион өгүүлдэг. Өөрийн хайртыг (зохиомол) хайртыг аюулаас аврах замдаа тэрээр Китри, Базилио нартай тааралдана. Сэтгэлт хосууд охиноо баян эр Гамаштай суулгах хүсэлтэй Китригийн ааваас болж салж хагацахад хүрсэн байна. Ноён Кихот тэднийг аврахаар шийднэ. Китригийн аав андууран охиноо Базилиод эхнэр болгон өгч адислахад Кихот ч Гамашийг талхны мухлагийн бүсгүйтэй гэрлэсэн нь дээр хэмээн ятгана. Олон бүгдээрээ Кихотод талархал илэрхийлэн үлдэнэ.