Жил бүр дэлхий даяар нэр хүндтэй эрдэм шинжилгээний байгууллагууд өөрсдийн бүс нутгийн хамгийн шинэлэг оюун санааны ололт, олон талт байдал, хүсэл сонирхлыг харуулах зорилгоор “Falling walls lab” форумыг зохион байгуулдаг. Оролцогчид тус бүр гурван минутад багтаан өөрийн судалгааны ажил, бизнесийн загвар, шинэлэг төсөл, санаагаа бусад мэргэжилтэн, шүүгч болон олон нийтэд бидний цаг үеийн хамгийн тулгамдсан сорилтуудын шийдлүүдийг танилцуулдаг билээ. Герман улсад “Берлиний ханыг нураах” анхны “Falling walls lab” болсноос хойш тус форум нь дэлхий дахинаа 100 гаруй улс оронд жил бүр тогтмол зохион байгуулагддаг арга хэмжээ болжээ. Залуу эрдэмтэн, доктор, судлаач, мэргэжилтэн, залуусын шинэ санаачилга, эрдэм шинжилгээний бүтээлийг олон улсын эрдэмтэд, хөрөнгө оруулагчид, бизнесийнхэнд танилцуулдаг “Falling walls lab Mongolia’24” форум нь танхим болон цахим хосолсон хэлбэрээр энэ сарын 27-нд амжилттай зохион байгуулагдаж, ялагчдаа тодрууллаа. Тэргүүн байранд О.Эрдэнэчимэг “Biodegradable polymer" судалгааны төслөөрөө шалгаран, үндэсний ялагч болж, Монгол Улсаа төлөөлөн ирэх арваннэгдүгээр сард Берлин хотноо зохион байгуулагдах Falling walls lab Int. Finale"-д олон улсын 100 гаруй үндэсний ялагчтай өрсөлдөх эрхийг гардан авсан юм. Оролцогч О.Алтантуяа “Sustainable bioplastic' судалгаагаараа II, Энэтхэг улсаас оролцож буй Бикрам Барути “Microscopy in space" илтгэлээрээ III байр эзлэв.
Энэ удаагийн нээлттэй форумын эцсийн шатанд шалгарсан 13 илтгэгч өөрсдийн шинэ санаачилга, саналуудыг танилцуулсан юм. Тэдгээрийн дотор сансрын микроскоп, хүнс, био бүтээгдэхүүний хөгжүүлэлт, зөөврийн спектрометр, хэрэглэгчийн зан төлөвийг бүтээгдэхүүний борлуулалттай уялдуулсан болон амжилтгүй гарааны бизнесүүдийн шалтгааныг илрүүлэх судалгаа, STEM хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх санаачилгууд багтсан байв. Түүнчлэн илтгэгчид өмнөх жилүүдийн илтгэлийн гол сэдвүүдийн нэгэд адил хог хаягдлыг дахин ашиглах технологи, урлагийн бүтээлээр дамжуулан уур амьсгалын өөрчлөлтөд эерэг нөлөөллийг авчрах санал, дахин боловсруулсан ноолууран бүтээгдэхүүний хөгжүүлэлт, бохир усыг дахин цэвэршүүлэх технологи гэхчлэн байгаль орчинд эерэг өөрчлөлт авчрах санаачилга, дэвшилтэт судалгааны бүтээлүүдээ англи хэл дээр дэлгэн танилцуулсан юм. Эдгээр нь бүхэлдээ хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн, хүн-байгальд ээлтэй, эко амьдралыг эрхэмлэсэн, тогтвортой хөгжлийн бодлогод чиглэсэн шилдэг бүтээлүүд байлаа.
Форумын үеэр оролцогчид хүрээлэн буй орчны асуудлыг дэвшүүлээд зогсоогүй асуудлыг боломж болгон харж, бизнесийн эргэлтэд оруулах боломжтой өөрсдийн санаачилгыг дэвшүүлсэн нь сонирхолтой сэдэв байв. Энэ удаагийн “Falling walls lab Mongolia’24” форумын ерөнхий зохион байгуулагчаар Шинжлэх ухаан, технологийн сан, “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” НҮТББ, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль, Монгол Улсын Соёлын элч О.Оюунтуяа, Эдийн засаг, хөгжлийн яам, МУИС, INWES - Олон улсын эмэгтэй инженер, эрдэмтдийн холбоо дэмжин, хамтран ажиллалаа.
О.Оюунтуяа: Оролцогчдын гадаад хэлний мэдлэг сайжирч байна
“Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” ТББ-ыг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Соёлын элч О.Оюунтуяатай форумын үеэр цөөн хором ярилцлаа.
-“Falling walls lab” форумын онцлогийг хэлэхгүй юү?
-Байгууллагаасаа гадна Соёлын элчийн хувьд өв соёл, хамтын ажиллагааны хувьд боловсрол, шинжлэх ухаан, нийгэм гэх мэт тодорхой зургаан салбарын хэмжээнд хоёр улсын хамтын ажиллагааг дэмжин ажилладаг юм. Уг олон улсын хурлыг 2010 оноос хойш Берлинд зохион байгуулж ирсэн. Энэ хугацаанд хамгийн инновацлаг, шинжлэх ухааны бүхий л салбарыг хамарсан томоохон арга хэмжээ болон өргөжжээ. 21 дүгээр зууны даяарчлалын эрин үед бидний өмнө тулгарч байгаа асуудал нь зөвхөн нэг улс, нэг байгууллага, нэг салбарын хэрэг биш юм. Улс орны болон салбар хоорондын хил хязгаарт үл баригдан нэгдэж, шийдэл гаргаж байж хүн төрөлхтөн цаашид оршин тогтноно. Ингэж олон талаас нь харж зохион байгуулдаг нь уг форумын онцлог гэж хэлж болно. Бид 2019 оноос Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль, Гадаад харилцааны яам, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, МУИС хамтран залуу эрдэмтэн, судлаачдаа олон улсын үнэ цэнтэй энэ сүлжээнд оруулах, судалгаагаа дэлхийн тавцанд танилцуулах, мэдээлэл авах боломж бүрдүүлэх үүднээс зохион байгуулж байна.
-Оролцогчид гурван минутад судалгаагаа танилцуулдаг нь бас нэгэн онцлог гэлтэй.
-Гурван минут богино санагдаж магадгүй. Бидэнд тулгамдаж буй асуудал юу вэ, үүнийг шийдэх гаргалгаа нь юу вэ, тэр нь хэр инновацлаг вэ, хүн төрөлхтөний хөгжилд ямар нөлөөтэй вэ гэсэн тодорхой хэдхэн асуултад хариулахад л хангалттай.
-Уг форумыг анхнаас нь зохион байгуулж байгаа хүний хувьд танд энэ хугацаанд юу ажиглагдав?
-Монгол залуучуудын чадвар, чансаа сайн. Уг форумыг англи хэлээр зохион байгуулдаг. Манай оролцогчдын гадаад хэлний мэдлэг жилээс жилд сайжирч байна. Нөгөө талаас судалгааны ажлынхаа санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх, илүү өргөн хүрээнд ямар салбарт хамтран ажиллах вэ гэх зэргээ тодорхой болгосон төслүүд илүү амжилттай хэрэгжиж байна. 2021 оны үндэсний ялагч маань монгол ноосоор гэрийн агааржуулах систем бий болгосон. Тус багийнхан уг төслөө олон улсын тавцанд танилцуулж, хөрөнгө босгох старт-ап маягаар ажиллаж эхэлсэн байх жишээтэй.
Түүнчлэн үндэсний ялагч маань 70 гаруй орчны 100 орчим залуустай танилцсанаараа маш их мэдлэг олж авдаг. Дэлхийн өнцөг булан бүрт ижил ижил санаатай судалгаа хийж байгаа залуус байхыг үгүйсгэхгүй. Эсвэл олохгүй байсан гаргалгааг нь өөр эрдэмтэн залуус олчихсон байж ч мэднэ. Өөрөөр хэлбэл, энэ форумаас хамтран ажиллах үүд хаалга нээгддэг.
О.Алтантуяа: Био хуванцар богино хугацаанд задарч, хөрсөнд шим тэжээл өгдөг
“Sustainable bioplastic' судалгаагаараа II байр эзэлсэн О.Алтантуяагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Та судалгаагаараа ямар асуудлыг шийдэх гаргалгаа дэвшүүлсэн бэ?
-Органик хог хаягдлыг боловсруулан байгальд задардаг био хуванцар бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж буй манай багийнхан энэ ажлаа эхлүүлээд бараг хоёр жилийг үдсэн байна. Өөрөөр хэлбэл, байгалийн түлшнээс гаралтай хуванцрыг халж, оронд нь био задралд ордог эх үүсвэрээс бүтсэн хуванцар ашиглах үйл ажиллагааг дэмжих зорилгоор судалгааны ажлаа явуулж байна. Оюутан, багш нараас бүрдсэн старт-апын маань үйл ажиллагаа судалгааны түвшинд нэлээд урагшилж байгаа. Цаашдаа зах зээлд хэрхэн гаргах вэ, био хуванцар хэрэгтэй гэдгийг хүмүүст яаж таниулах, ач холбогдлыг нь мэддэг атлаа хэрэглээндээ нэвтрүүлэхгүй байгаа тэр “хана”-ыг хэрхэн нураах вэ гэдэг үүднээс судалгааны ажлаа танилцууллаа.
-Био хуванцар гэж юу болохыг тодруулахгүй юу?
-Манайд өргөн хүрээнд хэрэглээнд нэвтрээгүй л дээ. Зарим айл өрх зусландаа био задралд ордог уут хэрэглэж байгаа харагддаг. Үнийн хувьд бусад төрлийн хуванцраас өндөр өртөгтэй, гадаадаас оруулж ирдэг. Манайх хаягдал хуванцрын 10 орчим хувийг л дахин боловсруулж буй. Бусдыг нь хөрсөнд булдаг гэсэн үг. Тэдгээр нь 500-гаас дээш жил буюу маш удаан хугацаанд хөрсөнд задардаг. Харин био хуванцар 14 хоногт задраад, хөрсөнд шим тэжээл өгдөг. Япон, Европын олон оронд био хуванцрыг хэрэглээндээ өргөн хүрээнд нэвтрүүлсэн.