Боловсролын зээлийн сангийн мөнгөөр гадаадад суралцахдаа бусдын боломжийг хулгайлсан. Татвар төлөгчдийн хэдэн зуун сая төгрөгөөр сурахдаа гэрээний үүргээ биелүүлээгүй, мөн энэ мөнгөө хууль бусаар тэглүүлсэн, чөлөөлүүлсэн зэрэг ноцтой асуудлууд ил болсон. Түүний мөрөөр ч хууль хяналтын байгууллага шалгаж буй. Тэгвэл энэ бүх шударга бусын үүр уурхай юунаас эхлэлтэй вэ гэвэл үе үеийн эрх мэдэл албан тушаалтнуудтай холбогддог. Өөрөөр хэлбэл, Боловсролын зээлийн сангийн тэглэлтийг харвал 2008 оноос хойш энэ салбарыг удирдсан зургаан сайдын 17 тушаалаар 800 орчим суралцагчдын зээлийг тэглээд байгаа. Энэ нь өнөөдрийн ханшаар 87.6 тэрбум төгрөг болж байна. Тэгвэл эдгээр сайд нарын зээл тэглэсэн тушаал хууль бус гэдгийг  АТГ-аас өнгөрсөн сард тогтоосон.

Ийн хуулиас давсан 17 тушаалаар 87.6 тэрбум төгрөг тэглэж ийм хэмжээний хохирлыг төрд учруулж, татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан сайд нар хэн бэ гэдэг нь ил боллоо. Тодруулбал, боловсролын зээлийн сангийн хууль бус тушаалыг үе үеийн боловсролын сайдаар ажиллаж ирсэн Ц.Цогзолмаа, Ё.Баатарбилэг, Ж.Батсуурь, Л.Гантөмөр, Л.Цэдэвсүрэн, Л.Энх-Амгалан нар гаргасан байдаг.

Гэтэл хариуцлага ярих нь битгий хэл Л.Энх-Амгалан УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Л.Гантөмөр УИХ-ын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд хийж буй. Л.Цэдэвсүрэн ТАЗ-ийн дарга, Ц.Цогзолмаа саяхныг хүртэл УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан. Энэ мэтээр ихэнх нь албан тушаал дэвшсээр байна. Угтаа ямбыг нь эдэлсэн бол ялыг нь үүрэх л учиртай.