Дэлхийн дайн дажинтай, зэвсэгт зөрчил, үймээн самуунтай газар нутгийн хэмжээ сүүлийн гуравхан жилийн хугацаанд бараг 65 хувиар буюу Энэтхэгийн газар нутгийн хэмжээтэй дүйхүйц томоор тэлж, урьд байгаагүйгээр аюулын харанга дэлдэж эхэлснийг “Verisk Maplecroft” гэх судалгааны байгууллагаас мэдэгдлээ. Тус байгууллагын “Conflict Intensity Index” судалгаанд онцолсноор сүүлийн гурван жилийн хугацаанд Украин, Мьянмар, Ойрх Дорнод болон Африкийн Сахелийн бүс нутгийн “зөрчил, хямралын коридор” гэгддэг бүс нутагт нөхцөл байдал улам хүндэрч, энгийн иргэд өдөр бүр хэдэн зуугаараа амиа алдах нь нэмэгдсэн нь дээрх үзүүлэлтэд хамгийн их нөлөөлжээ. Мөн өмнөх жилүүдийг бодвол шинэ үймээн самуун, зөрчил тэмцлүүд дор хаяж арван жил үргэлжлэх төлөвтэй болж ирснээс гадна өмнөх тохиолдлуудыг бодвол дэлхийн эдийн засаг, хоол хүнсний аюулгүй байдалд үзүүлэх нөлөө нь ч асар их байна. Тухайлбал Орос-Украины зөрчлөөс болж Ойрх Дорнод, Африкийн орнуудад хүрдэг экспортын буудайн урсгал тасалдах, саатах нь хэвийн үзэгдэл болоод байгаа гэнэ.
Хамгийн сүүлийн буюу 2021 оны “Conflict Intensity Index” судалгаагаар дэлхийн нийт хуурай газрын 2.8 хувь нь зөрчил тэмцэл, үймээн самуунтай гэж гарч байсан бол энэ жил уг тоо 4.6 хувь болон өссөн байна. Харин дайн самуунд амь үрэгдэх хүний тоо 29 хувиар нэмэгджээ. Түүнчлэн мөн хугацаанд Эквадор, Колумб, Энэтхэг, Индонез, Тайланд зэрэг нийт 27 улс өмнөхөөсөө илүү аюултай болсон гэсэн зэрэглэлд шинээр орсон бол Украин, Судан, Газын зурвас, Ливан зэрэг улс орон, бүс нутгийн нөхцөл байдал хүндэрснээс болж дайн самууны хөлд үрэгдэн, ямар нэг байдлаар зовж зүдэрч байгаа хүүхдүүдийн тоо 470 саяд хүрээд байна.