Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський Цагаан ордны тэргүүнээр Дональд Трамп сонгогдсон тул Орос-Украины дайн санаснаас харьцангуй хурдан дуусгавар болох боломж нээгдсэн гэлээ. Тэрээр сонгуульд ялсанд нь баяр хүргэж Трамптай утсаар ярихдаа Оросын талтай яаж зөвшилцөх талаараа санал солилцсон гэнэ. Гэхдээ чухам ямар зөвшилцөл хийх тухайгаа хэлээгүй ч Зеленський Трампыг “Украины байр суурийг хамгаалахаа амласан” гэсэн байна. Трамп Украины дайныг яаралтай дуусгавар болгож чадна, тэгвэл Америкийн хөрөнгө мөнгө зэр зэвсэг болон гадагш урсахыг зогсооно гэж удаа дараа мэдэгдсэн юм.

Зеленський Украины нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Цагаан ордны бодлого тодорхойлох шинэ багийнхан дайныг дуусгахад чухал үүрэг, оролцоотой байх нь тодорхой. Энэ нь тэдний ашиг сонирхол төдийгүй ард түмэндээ өгсөн амлалт” гэжээ. Мөн “Украин улс дайныг ирэх жил гэхэд эцэслэхийн төлөө, тэгэхдээ зөвхөн дипломат арга замаар дайныг дуусгавар болгохын төлөө чадах бүхнээ хийнэ” хэмээн онцолсон байна.

Орос-Украины дайн 2022 оны эхээр эхэлснээс хойш АНУ Украинд хамгийн ихээр зэр зэвсэг ханган нийлүүлсээр байгаа юм. Тус улс 2022 оны хоёрдугаар сараас энэ оны зургадугаар сар хүртэлх хугацаанд Украинд нийт 55.5 тэрбум ам.долларын зэр зэвсэг, цэрэг армийн тоног төхөөрөмж нийлүүлсэн гэсэн тооцоо байна.