Олон улсын байгаль орчин болон байгалийн нөөцийг хамгаалах холбоо буюу IUCN-ий Улаан номд зарааг “аюулгүй” гэх ангиллаас “аюулд ойр” гэсэн ангилалд багтааж, нэг шат бууруулсан байна. Учир нь зарааны тоо толгой зэрлэг байгальдаа өнгөрсөн ганц арваны дотор 30 хувиар буурчээ. Ялангуяа Европын орнуудад хотжилт газар авч, зам харгуй, тариалангийн талбайн эзлэх орон зай хурдтай тэлснээс зарааны тархац нутаг урьд өмнө байгаагүй хурдаар хумигдаж байгаа аж. Орчны бохирдлоос гадна гол хүнс нь болох хортон шавжийг элдэв химийн бодисоор үй олноор нь устгаж байгаа нь ч зарааны тоо толгой буурахад ихээхэн нөлөөсөн байна.

Олон улсын байгаль хамгаалах холбоо амьтан, ургамлын тоо толгойг хамгаалах, нөхцөл байдлыг нь тандах зорилгоор аюулгүй, аюулд ойр, эмзэг, аюулд өртсөн, нэн аюултай, зэрлэг байгальдаа мөхсөн, устаж үгүй болсон гэсэн долоон зэрэглэл тогтоосон байдаг. Зарааг амьтан хамгааллын зэргээр шат буурсныг зарласан хамгийн сүүлийн судалгаандаа тус байгууллага дэлхийн бүх модны төрөл зүйлийн 38 хувь нь мөн устаж үгүй болох аюулд ойрхон байгааг онцлон тэмдэглэжээ.