Олон ч оронд өсвөр насныхны үерхэл, нөхөрлөл гэдэг хэвийн үзэгдэл төдийгүй өсөх насанд нь тохиох учиртай зайлшгүй зүйл гэгддэг. Харин Японы ахлах сургуулийнхны дунд явуулсан хамгийн сүүлийн судалгаагаар 15-18 насны таван хөвгүүн тутмын ердөө нэг нь л анхны үнсэлтээ үзжээ. Энэ нь урьд хожид байгаагүй хамгийн доод үзүүлэлт гэгдэж байна. Охидын хувьд ч ялгаагүй, дөрвөн охин тутмын ердөө нэг нь л ямар нэг байдлаар үеийнхээ хөвгүүнтэй үерхэж үзсэн юм уу, шохоорхох мэдрэмж мэдэрсэн гэсэн бол дийлэнх нь хайрын сэтгэл, үерхлийн талаар ямар ч ойлголтгүй байдаг гэжээ.

Японы өсвөр насныхны бэлгийн бойжилт, бэлгийн эрүүл мэндийн талаарх ойлголт, төсөөллийг танддаг уг судалгааг JASE буюу Японы Бэлгийн боловсролын нийгэмлэг гэх байгууллагаас 1974 оноос хойш зургаан жил тутамд нэг удаа явуулж байгаа аж. Харин үр дүн нь жилээс жилд буурч, эсрэг хүйсийн үеийнхэнтэйгээ огт үерхэж нөхөрлөдөггүй гэж хариулах өсвөр насныхны тоо нэмэгдсээр байгаа нь тус улсын төрөлт огцом буурах үзэгдэлтэй дам холбогдож байгааг мэргэжилтнүүд онцолж байна. 2005 онд гэхэд л өсвөр насны хоёр япон хүүхэд тутмын нэг нь анхны үнсэлтээ үзсэн гэж хариулж байж. Өсвөр насныхны бэлгийн бойжилт, бэлгийн амьдрал саатаж, үзүүлэлт нь буурсанд коронавирусийн цар тахал ч нэлээд нөлөөлсөн нь тодорхой. Дээрхтэй төстэй өөр нэгэн судалгаагаар гэрлэсэн япон хосуудын 48.3 хувь нь бэлгийн идэвхгүй амьдралтай буюу эхнэр юм уу, нөхөртэйгөө сар ба түүнээс дээш хугацаагаар огт ойртдоггүй гэсэн дүн гарсан юм.

Японд төрөлт, гэрлэлтийн үзүүлэлтүүд жил тутам буурсаар хямралын түвшинд хүрээд байгааг тус улсын эрх баригчид болон олон улсын хүн ам зүй судлаачид анхааруулсаар байгаа. Одоогоор 125 сая орчим байгаа тус улсын хүн ам өнөөгийн хурдаараа буурсаар байвал энэ зууны эцэс гэхэд 53 сая хүрэхтэй үгүйтэй болтлоо цөөрнө гэсэн тооцоо бий.