Австралийн парламент удтал хэлэлцсэний эцэст 16 хүртэлх насны хүүхдүүдийг сошиал медиа хэрэглэхийг хориглох, цахим хэрэглээнд нь хязгаар тогтоох тухай хуулийг энэ долоо хоногт эцэслэн батлаад байгаа билээ. Шинэ хуулиар Facebook, Snapchat, X, Reddit, Instagram, TikTok зэрэг сошиал медиа платформууд 16-аас доош насны хүүхдэд хаяг нээхийг зөвшөөрсөн тохиолдолд 50 сая австрали доллар буюу 32.6 сая ам.доллар хүртэлх торгуульд унах юм.

Харин Японы иргэдийн дунд уг мэдээг тойрсон олныг хамарсан хэлэлцүүлэг цахим сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өрнөж эхэлжээ. Телевизийн “Асахи” сувгийн өглөөний хөтөлбөрөөр гэхэд Японы эрх баригчид дээрхтэй төстэй хууль журам батлах хэрэгтэй гэсэн байр суурьтай иргэдийг урьж оролцуулсан аж. Харин цахим сүлжээнд үзэл бодлоо илэрхийлж байгаа иргэдийн зарим нь сошиал медиаг хатуу хориглохын оронд хүүхэд багачууд, өсвөр насныханд тохирсон цахим сүлжээг хэрхэн ухаалгаар ашиглах тухай сургалт, сурталчилгааг хичээлийн хөтөлбөрт нь багтаах хэрэгтэй гэсэн бодолтой байна.

Хоккайдогийн Бункиогийн их сургуулийн Харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн тэнхимийн профессор Макато Ватанабэ гэхэд л мэргэжил нэгтнүүдийнхээ хамт эцэг эхчүүдээс гарын үсэг цуглуулж, холбогдох албаныханд хүсэлт гаргана, бага насны хүүхдүүдийг сошиал медиагийн сөрөг нөлөөллөөс хамгаалах цаг нэгэнт ирсэн гэж ярьжээ.  

Саяхны нэг судалгаагаар Instagram хэрэглэгч өсвөр насны охидын 13 хувь нь сошиал медиагаас болж сэтгэл санаа нь хямардаг, заримдаа бүр амиа егүүтгэх тухай хүртэл боддог гэсэн бол 17 хувь нь гадаад төрх, биеийн галбиртаа сэтгэл дундуур болоход нь сошиал медиа хамгийн ихээр нөлөөлсөн гэж хариулсан байна.