Тус улсын Ерөнхийлөгч Володимир Зеленський Оросын эзлэн түрэмгийлэл эхэлснээс хойш Украины 43 мянга гаруй цэрэг амь үрэгдэж, 370 мянган цэрэг шархадсан гэлээ. Тэрээр сошиал медиад оруулсан постондоо шархадсан цэргүүдийн дунд нэгээс олон шархадсан хүмүүс ч бий гэсэн байна. Харин Оросын 198 мянган цэрэг амиа алдсан, 550 мянга гаруй нь шархадсан гэжээ. Гэхдээ үүнийг баттай үгүйг мэдэх боломжгүй юм.
Киев, Москвагийн албаныхны хэн хэн нь дайсны талынхаа хохирлыг мэдээлж ирсэн ч өөрсдийнхөө мэдээллийг тэр бүр ил гаргадаггүй. Зеленський хамгийн сүүлд буюу хоёрдугаар сард Украины Зэвсэгт хүчин хэчнээн хохирол амсаад байгаа талаар мэдээлэхдээ амь үрэгдсэн цэргийн тоог 31 мянга гэж зарлаж байсан юм. Харин барууны зарим орны тооцоогоор Оросын арми 550 мянга биш, 800 мянга орчим цэрэг алдаад байгаа мэдээ байна.