Европын аюулгүй байдал , хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн алба (АИХЭА)-наас Сонгуулийн ерөнхий хорооны хүсэлтээр Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт хийж буй аж. Тус байгууллагын хуулийн мэргэжилтэн Надя Сирэнко, сонгуулийн зөвлөх Горан Пэтров, Улс төрийн намын үндсэн багийн гишүүн Фэрнандо Касал Бэртоа нар тус хуульд өгөх урьдчилсан зөвлөмжөө танилцуулав. Тэд улс төрийн намын гишүүнчлэл, бүртгэл, намыг татан буулгах, дотоод зохион байгуулалт, шийдвэр гаргах үйл явц, төрийн санхүүжилт, хандив, жендэр болон нийгмийн сонирхлын бүлгүүдийн оролцоо, ил тод байдал, тайлагнах үйл явц, хяналт, хариуцлагын талаарх хуулийн холбогдох заалтуудад нарийвчлан зөвлөмж гаргажээ.

Тухайлбал, өнгөрсөн оны эхнээс мөрдөж буй эл хуульд намыг бүртгэх үйл явцыг харьцангуй хялбар болгосон ч бүртгэхээс татгалзсан үндэслэлийг хэтэрхий өргөн хүрээнд тусгасан гэж уг зөвлөмжид тусгасан байна. Мөн намыг бүртгүүлэх гэсэн өдлийг нягтлан шалгах хугацааг богиносгох чиглэлд анхаарах ёстой гэж.
Намыг бүртгэх бүрэн эрхтэй Дээд шүүх үүнд ерөнхийдөө 65-аас дээш хоног зарцуулж байгааг урт гэж үзсэн хэрэг.
Цаашлаад намыг татан буулгах эрх ч Дээд шүүхэд бий. Гэхдээ ямар нэгэн намыг татан буулгасантай холбоотойгоор гомдол гаргаж, давж заалдах эрх байхгүйг тэд онцлов. Учир нь татан буулгах шийдвэрийг гаргаж буй Дээд шүүх нь хяналтын шүүхийн эрх мэдлийг хэрэгжүүлж, эцсийн шийдвэрийг гаргаж байгаа учраас тухайн намынхан гомдолтой үлдэх, эвлэлдэн нэгдэх эрхээ хязгаарлуулах нөхцөл үүсэж байна гэв.
Түүнчлэн улс төрийн намын сонгуулийн болон сонгуулийн бус үеийн тайланг олон нийтэд мэдээлж, хэвлэн нийтлэхдээ хандивлагч иргэний хувийн мэдээллийг ил гаргахгүй байх нь зүйтэй гэж үзэж буй юм байна.
Ингэснээр тухайн иргэний хувийн мэдээллийг хамгаалах орчин бүрдэнэ гэв.
Гэхдээ намууд эрх бүхий байгууллагад тайлан, мэдээллээ ирүүлэхдээ хандивлагч иргэний мэдээллийг нууцална гэсэн үг биш. Гагцхүү санхүүжилтийн тайланг олон нийтэд мэдээлж, хэвлэн нийтлэхдээ хувь хүнд хамаарах мэдээллийг ил гаргахгүй байх нь чухал. Сонгуулийн тогтолцооны олон улсын сангийн улс төрийн санхүүжилт хариуцсан ахлах зөвлөх, доктор Махнус Оман ч энэ талаарх улс орнуудын туршлагыг хуваалцахдаа хувь хүний мэдээллийг хамгаалах чиглэлд дэлхий нийт анхаарч буйг дурдсан юм.

АИХЭА-ны мэргэжилтнүүд энэ сарын 8-11-нд манай улсад ажиллахдаа албаны хүмүүстэй уулзан Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийн талаар тодруулж, санал солилцох аж. Улмаар энэ оны хоёрдугаар улиралд санал, зөвлөмжөө эцэслэн нийтэд мэдээлэх гэнэ.