Хотын удирдлагууд ойрын өдрүүдэд хамаг бяраа үзүүлж байна. Бараг замд харагдсан, тээглэснээ хуу хамж түрэх нь холгүй аашиллаа. Хоёр шөнийн дотор 1000 гаруй ТҮЦ-ийг ачиж, цаашид ч хагас мянгыг ачихаар төлөвлөж буй. “Хотын зүгээс ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зогсоохгүй. Нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлж, иргэд чөлөөтэй зорчиход саадгүй зам талбайг чөлөөлж авна” гэдгээ Хотын дарга хэлж байна.

Үргэлжлүүлээд урд шөнө “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах Эмийн үйлдвэрийн барилгыг албадан чөлөөлж, хүчээр нураав. Эмийн үйлдвэр дотор айл өрхүүд амьдарч байсан гэх. Х.Нямбаатар дарга “Эмийн үйлдвэрийн чөлөөлсөн 3150 ам.метр газрыг дуудлага худалдаанд оруулна. Энэ бол төрийн өмчийг хууль бусаар ашиглан, дарагдуулж, ямар нэг хөрөнгө оруулалт хийхгүй байсаар балгас болгон үнэгүйдүүлж буй нэг л жишээ” гэсэн юм.Мөн  НЗДТГ-ын дарга Д.Амгалан “Өнгөрсөн хоёрдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн эмийн үйлдвэрийн барилгыг чөлөөлөх тухай мэдэгдлийг  Ж.Хатанбаатар болон тус үйлдвэрт амьдарч байгаа айл өрхөд хүргүүлсээр байсан. Өнөөдрийг хүртэл барилгыг суллаагүй учраас албадан чөлөөллөө. Эмийн үйлдвэрийн барилгыг зориулалтаар нь ашиглаагүй, иргэдэд түрээсэлж байгаа нь хууль бус үйлдэл” гэв.

Ийн төр хүсэх л юм бол төмөр нүүрээ харуулж чадаж байна. Тэнд олон мянган хүний амь амьжиргаа, орон гэр байх нь хамаа алга. Хотын удирдлагууд хүсэх л юм бол бяраа гайхуулж чадах юм байна. Харин одоо “Авлига” хорооллын ээлж гэдгийг олон нийт нэхэж, шаардаж эхэллээ.

Голын ай сав газар. Дунд голын дэргэд. Анх усан цогцолбор барина гэж зөвшөөрөл авсан ч орон сууц болж өөрчлөгдөж хууль зөрчсөн, цаашид Дундгол үеэрлэх үед усанд автахаас гадна ер Дундголын голдиролд нөлөөлж, боосон зэргээр олон аюул эрсдэл дагуулсан Авлига хорооллын ард түмэн, байгаль орчинд үзүүлэх хор хохирлыг хэдэн ТҮЦ, эмнэлгийн байгууламжтай харьцуулах аргагүй. Ийн өдөр өдрөөр сүндэрлэж, хөгжин цэцэглэж буй “Авлига” хорооллыг хотын удирдлагууд өнөө хэр нь нураах нь битгий хэл зогсоож ч дийлсэнгүй.

Хотын дарга Д.Сумьяабазараас Х.Нямбаатарт өвлөгдөж, үүрэг хариуцлага нэмж ирсэн Авлига хорооллыг нураана. Ингэхдээ гадны улсаас туршлагатай компани оруулж ирнэ гэдгийг өнөөгийн хотын дарга удаа дараа хэлсэн ч үг нь үйлдэл болсонгүй. Олон давхар өндөр барилгыг нураах туршлагатай компани Монголд байхгүй гэх шалтгаар ч ам тагладаг.

Тэгвэл хотын удирдлагууд “Авлига” хорооллыг хэзээ нураах вэ гэсэн асуултад НЗДТГ-ын хэвлэл “Нутгийн удирдах байгууллага болоод хэн ч шүүхийн шийдвэрт нөлөөлж чадахгүй. Шүүх эхлээд шийдвэрээ гаргах ёстой. Түүний дараагаар нураах асуудлыг Барилга хот байгуулалтын яам, 16-аас дээш давхарт зөвшөөрөл олгодог байгууллагууд шийднэ” гэсэн тайлбарийг өглөө.