Бадарчны олон талт явдал бол манай нутаг газарт соёолон идээшсэн, яах аргагүй монгол үзэгдэл. Монгол бадарчин гэдэг зүй ёсны тодотголыг авахаас аргагүй болсон баялаг түүх, баларшгүй ул мөрийг үлдээсэн билээ. Монгол бадарчны явдал, үйл нь ард түмний сэтгэлгээ, аман өвд мөнхөрч, домог болон яригдсаар ирсэн юм.
Бадарчин бол зүгээр л ямар ч зорилгогүй, тэнэж явдаг, хийх ажилгүй зуйгуул хүн байгаагүй. Тэрбээр цаг үеийн мэдээллийг бүтээгч, тээгч, түгээгч, дамжуулагч байсан нь түүх, домог болон үлджээ.
Бадарчны амьдралын зорилго, зарчим нь “суусан цэцнээс явсан тэнэг дээр”. Монгол хэлцэд бадарчлахыг “аймаг алхаж, хошуу гулсах” хэмээн ярьдаг уламжлалтай. Бадарчин нь хэн нэгнээс сонин сонсож дуулаад, давс хужрыг нэмэн хачирлаж, бас хов, цуу ярьж явдаг байсан учир “бадарчны чих урт”, “айлын ховыг бадарчин зөөнө” гэсэн хэлц ч гарсан түүхтэй. Яваандаа зарим бадарчин хүний нэр хүнд өсч, нөлөө сайжирснаар бадарчны үүрэг, оролцоо, хэрэгцээ шаардлага нүүдэлчдийн амьдралд үгүйлэгдэх болсон гэдэг. Улмаар, бадарчин бол амьдралын арвин баялаг туршлагатай, юм үзэж, нүд тайлсан, авъяас билэгтэй, цэцэг үгтэй, арга чаргатай хүн гэсэн ойлголт, хандлагатай болж, хүний мөрөөдөл болсон айл амьтанд цаг үеийн сонин сонсгож, мэдээ сураг занги дуулгаж, үлгэр домог ярьж, үзүүлбэр сонирхуулж, хаа явсан газраа олныг хөгжөөн баясгаж явдаг эрэлттэй хүн болж чадсан ажээ.
Үгийн гарал үүсэл, утга учрын тухайд: Бадарчин гэдэг үг нь түвэд хэлэнд “гүйх”, “хүсэх” гэсэн утгатай ажээ. Өөрөө номтой лам байж, бас бадарчны амьдрал, дүрээр баруунд гарсан алдарт соён гэгээрүүлэгч Хангины Гомбожавын “Орчин цагийн Монгол-Англи толь бичиг”-т Бадарчин гэдэг үгийг Mendicant monk, Lama who collects funds for wofthy causes, -Itinerant monk, - A short humorous tale originally told by mendicant monks, -To make a round begging for alms, To collect alms зэрэг утгуудаар тайлбарласныг анхаарч, анзаарвал зохино.
Нэлээд дэлгэрэнгүй тодорхойлолт толь бичигт өгөгдсөн байдаг. “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-д Бадарчин гэдэг ойлголтыг 3 утгаар тэмдэглэсэн нь бий: 1.Шашны үйл хэргийн төлөө сүсэгтэн олноос бадар гуйгч хувраг, бадар аягатан; 2.Хавчиг үүрэг үүрсэн, нэг буюу хоёр таяг мод тулсан доод давхрагын хувраг ,3. Мөргөл хийх, буян үйлдэх, шашны ном сурахаар хүрээ хийд, алс орон зорин явагч хэмээжээ.
Дэлхийн бадарчин гэгддэг \гэхдээ тэд манай оронд ирээгүй\ Евроазийн зарим оронд түгээмэл үзэгдэл болсон цыган хэмээх нутаг усгүй, орон гэргүй хэрэн хэсэгч нь олон талаар монгол бадарчны хувь тавилан, зам мөр, үйл явдлыг тод санагдуулдаг. Орос хэлэнд орж ирсэн “цыган” гэх үг нь “хэнд ч үл хамаарах хүмүүс” гэсэн утгатай гэж уншиж байсан юм байна.
Бадарчин байдаг л нэг жирийн хүн байгаагүй, байгаль цаг агаарын болон зэрлэг араатан амьтан, чөтгөр шулам бусад санамсаргүй эрсдэл, гэнэтийн аюул заналаас өөрийгөө хамгаалах чадвартай, биеийн болон сэтгэл зүйн асар их тэсвэр тэвчээр, хатуужилтай, тал бүрийн дархлаа суусан, гэнэтийн юм тохиолдоход амь насаа аврах ид шидтэй, хүч чадалтай, заль сүүхэйтэй, арга чаргатай хүн байсныг олон үлгэр домог, дурсамж сургамжаас мэдэж болно.
Наад захын жишээ нь дулдуй хэмээх хонгинуулах таяг- хоёр мод тулж явдаг байсан нь биеэ хамгаалах өвөрмөц хэрэгслийн үүрэг гүйцэтгэдэг байжээ. Тэр хоёр мод нь бартаат замаар явах, өгсөн уруудахад тулах, түших дэм болдогоос гадна зуудаг нохой, хээрийн боохой, зэрлэг араатан барьж идэхээр тулж ирэхэд нэгийг аманд нь үмхүүлээд, зуулгасан модоо дагуулж шувтрахад эмзэг цэг-сарьсан хоншоорт яг тусдаг, улангассан амьтан ухаан балартан унах, амь дүйн зугатах болдог байжээ. Бадарчны өөрийн үгэнд: “хорин нохойд хоргоогдлоо, хоёр модоороо хамгааллаа” гэсэн хэллэг байдаг нь үүнийг нотлох баримт юм. Тэгээд ч “нохойноос айвал бадарчин бүү бол” гэсэн бичигдээгүй хууль, аман зарчимтай байж. Түүнчлэн шөнө хээр гадаа унтахад ус, чийгнээс хамгаалах “ор”, хүйтэн нойтноос тусгаарлах “хамгаалалт” болдог байжээ.

Бадарчин бол ядарсан нэгэн биш, задарсан хүн ч биш амьдрахын эрхээр, хувь заяаны төөргөөр, өөрийн явдал мөрөөр энэ замыг сонгосон, хэнд ч гэм учруулж, хор хүргэдэггүй, өөрийг нь оролдож үргээхгүй бол мөрөөрөө явдаг нэгэн байсан. Өвлийн тэсгим хүйтэн, зуны аагим халуун, хөлгүй уудам тал, элчилгүй говь цөл, өндөр уул нуруу, өргөн гол мөрөнг өөрт заяасан хоёр зээрдээрээ туулан бардаг байсан. Бадарчин өлсөх, цангах, ядрах зүдрэхийг юман чинээнд бодолгүй газрын хол, усны уртаас зорьсон газраа хүрдэг байж. Бадарчинг үл ойшоон басч болдоггүй, хүний ёсоор хүндэтгэлтэй хандаж, боломжоороо хооллож, амраагаад, тус хүргээд, замын ойр зуур хүнс бэлтгээд явуулдаг байж. Үл тоож, нүд үзүүрлэн, ад үзэж тоомжиргүй хандваас муу үйл тохиолдох, зовлон зүдүүр дагуулах, мал сүрэг өвдөж эндэх зэрэг таагүй үр амсдаг байсныг үлгэр домгоос бас сонсож, сургамж авч болно.
Бадарчны нийгмийн байр суурь, нийгэмд үзүүлж байсан үүрэг оролцоо, нэр хүнд, нөлөөний талаар манай нэртэй бичгийн хүмүүс дурдсан нь сонирхолтой төдийгүй ач холбогдолтой юм.
Монгол мэдлэгийн нэртэй эрдэмтэн, соён гэгээрүүлэгч, СГЗ, Доктор, профессор Л.Дашням: “Бадарчин бол амьдралыг хөгжил хөдөлгөөнтэй, сонирхолтой болгож, хүмүүст шинэ мэдээлэл хүргэгчид байсан юм” \ Саарал дэвтэр, 2011\ гэсэн бол монгол соёл судлаач, бэлгэдэл зүйч, Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, Доктор, профессор С.Дулам” “Бадарчин нар ихэс лам нарын зарлигаар өглөгийн эздээс эд мал бадарлан олохоос гадна их төлөв ядуу зүдүүгийн эрхээр цагаачилж явдаг дорд лам нар байв. Түүнчлэн мөргөл буйн хийх, ном нрдэм сурахаар харь хол орныг зорин яваачдыг бадарчин гэдэг байсан. Тэд шашны суртал нэвтрүүлэх, феодал, ноёд баячуудын үнэн дүрийг шог, хошин үгээр шүүмжлэн ярих, элэглэн дооглосон зүйлүүд нь ард олны дунд дамжин тархаж, улмаар ардын аман зохиолын хэлбэртэй болж иржээ” гэж бичсэнийг анхааран гүнзгийрүүлэн судалбал зохино.
Бадарчин хоногийн газраа давстай цайгаар биеэ шавшин “сойлго” хийдэг байсан нь хүндэрч буларсан биеэ хөнгөрүүлж байсан хэрэг. Энэ нь бие хүндрэн ядрах, булран цуцах, няцран хөндүүрлэхээс сэргийлдэг байж. Хээр гадаа унтаж амрахдаа хөлөө атирч, газрын уруу руу толгойгоо харуулан унтдаг байж. Ингэж хэвтэхээр хөл нь сайхан амардаг, бие нь хөнгөрдөг, сэтгэл нь сэргэдэг байсныг өөрсдийнх нь яриа, явдлаас мэдэж болно.
Уран зохиолын баялаг уламжлалд бадарчны явдлын тухай мэргэн хэллэг, зүйр цэцэн үг оновчтой илэрхийлэл цөөнгүй байдаг. Заримыг дурдваас: “Баян хүн ноёноос айхгүй, Бадарчин хүн нохойноос айхгүй”, “Баян хүнд арван зовлон, Бадарчин хүнд нэг зовлон”, “Баян хүнд ноён гэм, Баатар хүнд үхдэл гэм”, “Баян хүнд бялдууч олон, Бадарчин хүнд басагч олон”, “Баян хүнд бялдууч янаг, Бааран хүнд нохой янаг”, “Баян хүний нэг цагийн хоол, Бадарчин хүний нэг жилийн хүнс”, “Баян хүний өгөх нь худал, Бадарчин хүний тарни нь худал”, “Баян хүний унага даага элмэг, Бадарчин хүний үг хэлмэг”, “Айлын ховыг чавганц, аймгийн ховыг бадарчин” гээд хөвөрч өгнө дөө. Бас доромж утгаар:”Бадарчин баярлах болоогүй, баас хатах болоогүй”, “Бадарчин явсан газар балагтай, батгана суусан газар өттэй”, “Бадарчны бөгс баастай баяны бөгс тостой” г.м. бадарчны тухай олон үлгэр домог амнаас ам дамжин яригдсаар ирсэн нь санамсаргүй хэрэг биш байх. Болсон явдлаас үүдсэн сургамж гэж үзэж болох талтай.
Бадарчин цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан янз бүрийн нийтлэг дүрээр явдаг байсныг буурал түүх гэрчилнэ. Номын мөр хөөж яваа мөргөлчин лам, амиа тэжээж яваа ядуу иргэн-гуйлгачин, бадарчин савираачин - орон гэргүй тэнүүлчин, хөдөөгүүр шашин ном дэлгэрүүлэгч, сонин өгүүлэгч, түүх хүүрнэгч, өглөг буяныг цуглуулагч, аянчин жинчин, хэрмэл хэсүүлчин, өвөрмөц маягийн “жуулчин”, төрөлх нутгаасаа харийн нутаг орныг зорьсон цагаач, нийгэм улс төрийн шалтгаанаар газар орноо орхин одсон-босуул гэх мэт.
Зүүн хязгаарт нөхцөл байдал хүндэрсэн 1930-аад онд туршлагатай зарим бадарчин туршуул, тагнуулын үүргийг г гүйцэтгэж ирсэн түүхтэй. Цагийн ороо бусгаа байдлаас болж зүсээ хувирган, дүрээ өөрчилж өөр өөр замаар явсан, иргэний амьдралд шилжсэн тохиолдол цөөнгүй.
Бадарчинг олны дунд янз бүрээр тодотгон нэрлэж иржээ. Зарим нь цэцэн, мэргэн, хэрсүү, сүйхээтэй, сэргэлэн, цовоо, элдэвтэй, эрдэмтэй, аргатай, чаргатай, идтэй, шидтэй, азтай, адтай, авхаалжтай, самбаатай мэтээр өргөмжилсөн утгаар ярьдаг. Нөгөө зарим нь зальтай, зайтай, балагтай, бачтай, хөгтэй, хөөрцөгтэй, гайтай, лайтай гээд баартай, базаахгүй талыг нь дөвийлгөн доромж үгсээр тодорхойлсон байх нь бий.
Магистр Боржигон –Тулга Н.Сонгуульхүү Монгол бадарчин (Түүх, угсаатны зүйн судалгаа) 4 бүлэг бүхий нэг сэдэвт бүтээл бичиж хэвлүүлэн, нийтийн хүртээл болгосон нь танин мэдэхүйн ач холбогдолтой төдийгүй түүх уламжлалын нэн сонирхолтой, сургамжтай ном болжээ. Номын зохиогч түмэн олны дунд тарсан янз бүрийн ойлголт, илэрхийллийг харьцуулан жишиж өөрийн тодорхойлолтыг өгөхийг хичээсэн нь оновчтой болжээ. Тэрбээр: “бадарчин нь хийдээс ангид явж ном эрдмээ зузаатган, шашин дэлгэрүүлж, өглөгийн эздийн өргөсөн элдэв олборын хувийг шүтэн амьдрагч мөн” \50 дахь тал\ гэсэн тодотгол, тайлбарыг хийсэн нь энэ бүтээлийн ач холбогдлыг өргөж, нэг давуу талыг харуулж байна
Эртний Грек, Хятад, дорно дахины суут сэтгэгчид , философичид, яруу найрагчид бадарчны аж төрөх ёсоор амьдарч, бүтээж туурвиж байсныг буурал түүх гэрчилнэ. Эртний Хятадын аугаа сэтгэгч, ёс зүйч Күнз, Мэнз, Сүнз нарын туулсан амьдрал, үйл ажиллагаагаас бадарчны аж төрөх ёс, дүр төрх тодорхой мэдрэгддэг. Тэд нэг суурин газар бүгэн сууж, зөвхөн бодож, бясалгаж, бичиж туурвиж байсангүй. Тосгоноос тосгонд бэдрэн явж, жирийн хүмүүсийн дунд байж, тэдэнтэй амьд харилцаа үүсгэн, ойр дотно ярилцаж, тэднээс суралцаж, үзэл бодол, үг сургаалаа өөрийн биеэр, өөрийн дуу хоолойгоор түмэнд түгээн хүргэж явсан нь тэдний амьдралын сонирхолтой, баялаг замналаас харагддаг.
Эртний алдарт сэтгэгчдийн үзэл бодол, сургаал номлол, мэргэн үгс олон зуун жил уламжлагдан мөрдөгдсөөр ирсний, одоо ч амьдрах чадвартай байдагийн нэг уг сурвалж, далд нууц нь магадгүй анхны хөрсийг сайн бүрдүүлж, олон түмний ухамсарт гүн суулгаж, сайтар хүлээн зөвшөөрөгдсөнтэй холбоотой байж болох юм...
Домог болсон алдар цуутай бадарчин олон байснаас эх орныхоо хилийн дээс алхаж, холын хол явж, юм үзэж, нүд нээж, санаа авч, ухаан сууж, үр шимийг нь эх орондоо хүртээсэн тохиолдол цөөнгүй. Хэрэн хэсэгч бадарчин лам нарын дундаас Сайн ноён хан аймгийн Далайчойнхор вангийн хошууны Аюурзана XIX зууны сүүлчээр бадарчлан Төвд, Итали, Герман, Орос орноор аялан яваад Төвд, Итали, Орос, Эсперанто хэлний мэдлэгтэй болж ирээд сургууль, боловсролын байгууллагад үр бүтээлтэй ажиллаж байсан гэдэг. Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн хошууны харьяат Чойдамба (1843-1928) 1861 онд 18 настайдаа Төвдөд зорчиж, тэндээсээ Пакистанаар дамжин ислам шашны ноилолыг гүнзгий судлан, Арабын Мекка, Медина хотоор мөргөл үйлдэн явсаар 1904 онд Арабаас хоёр тэмээтэйгээр төрөлх нутагтаа иржээ. Тэрээр Араб хэлээр гарсан Монголын соёл, түүхийн холбогдолтой үнэ цэнтэй олон ном авчирсан мөнхий гавъяатай нэгэн болой. Эдүгээ Оросын Антропологи, угсаатны зүйн музейд “монгол эрийн толгой” гэсэн пайз бүхий 3394 тоот үзмэрийн эзэн, баруун монголчуудад айдас, аврал давхар агуулж, домог болон мөнхөрсөн Жа лам Дамбийжаа \Дамбийжанцан\ хоёр тэмээт бадарчин дүрээр монголын хилээр орж ирж, дараа нь өөрийгөө Даваа шабрун гэж нэрлэн хавчиг үүрэгтэй бадарчны дүрээр Цастын орныг зорьж байсныг түүх гэрчилнэ.
Хэрэн хэсэгч бадарч нарын дундаас аграмба, дооромбо, зээрэмбэ, маарамбын дамжаа барьж, сүрхий боловсорч гэгээрсэн эрдэм чадалтай цөөнгүй хүн байсныг дурдсан байна, цаашид сурвалжлан судлах шаардлагатай. Гоц гойд суралцсан зарим нь Балба, Түвэдийн том хийдүүдийн толгой ламаар өргөмжлөгдөн дэвшиж байсан баримт цөөнгүй . Түүнчлэн адтай бадарчин нарын дунд мориноос хурдан гүйдэг, газрыг товчилдог, нисдэг, өөрөө харагддаггүй, бороонд нордоггүй, чөтгөрөөс айдаггүй, г.м. идтэй шидтэй бас бариач, илээч, төлөгч, эмч, домчийн эрдэмтэй, чадалтай хүн цөөнгүй байсан тухай түүх домог өгүүлдэг.
Дэлхий хавтгай болсон, даяарчлал эргэлт буцалтгүй өрнөсөн энэ цаг дор орчин үеийн монгол бадарчин гэгддэг Жамбалсүрэнгийн Золбаяр \энэ эрхэм өөрийгөө түлхүүр таардаггүй цоож хэмээн тодотгодог\ , Бас “25-р суваг” ТВ-ийг үүсгэн байгуулагч СГЗ З.Алтай, “Шар айраг” хамтлагийн дуучин, элдэвтэй хэмээгдэгч Г.Ганхүү, “Тархан суурьшсан монголчууд, ТББ-ын тэргүүн, Төрийн шагналт Ц.Санчир гээд ертөнцийн олон орноор эрсдэлиййг огоорон эр зориг гарган явж, олон түмэндээ зүсэн зүйлийн ард түмний амьдрал, ахуйг газар дээрээс нь сурвалжлан танилцуулсан мөнхийн гавъяатай, цуутай аялагчдыг нэрлэхэд таатай байна.
1912 онд Жүгдэр зураачийн бүтээсэн “Нийслэл хүрээ” гэдэг алдартай зурагт хүрээний баруун өмнөдөд хашаагүй задгай газар \одоогийн МЭҮ-ийн соёлын ордны урдхан талд хуучин нүүдлийн кино театр гэж байсны орчим\ хэдхэн бор гэр, майхан, жодгор дүрслэгдсэн байдаг. Эдгээр гэр, майхныг хүрээнийхэн “Бадарчны дов” хэмээн нэрлэдэг байжээ. Бадарчны довын зүүн талд байсан Баруун Сэлбийн зүүн хэсгийн хашаагүй гэр хорооллыг “Засагт ханы задгай” гэдэг байжээ. Өнөөгийн II төрхийн баруун хойно байдаг Баруун Сэлбэ гол дээгүүр тавьсан гүүрийг “Зодоч нарын гүүр” гэдэг байв. Түүний баруунтаа “Тантанжалын дуган” гэж бурхны шашны улааны урсгалын жижиг сүм байсан гэдэг. Уг сүмийн баруун урдах олон гэр, майхныг “Бадарчин нарынх” гэдэг байжээ. Бадарчин алс газар явахдаа баруун хойд талын дугуй хаалга хэлбэрт суварган доогуур шурган гардаг, харийн нутгаас ирж гэртээ орохын өмнө мөн л суварган доогуур заавал шурган гардаг уламжлалтай байжээ. Энэ тогтсон зан үйл нь хүний нутгийн өвчин зовлон, хов жив, хэрүүл маргаан, аливаа муу зүйлийг гэр орондоо оруулахгүй хэмээн ариусгаж буй утгатай байжээ...
Сонирхолтой төдийгүй монгол хөрсөнд сайтар идээшиж нутагшсан, тэгсэн атлаа олигтой хөндөгдөөгүй, атар сэдвийг залуу судлаачид зориглон сонгож, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах нь зүйтэй санагдана.
НОМ ЗҮЙ
Алимаа О. Бадарчны үлгэрийн үзэл санаа, уран дүрслэлийн онцлог //Аман зохиол судлал XY6, УБ., 1984
Бадарчин //https://mn.wiktionary.org/wiki
Бадарчны үлгэр //http://www.urlag.mn/post/212.htm
Бадарчны үлгэрүүд//https://e-nom.mn/detail/937
Гочоо Ц. Монгол бадарчны тухай //Эртний судлал, угсаатны зүйн бүтээл УБ., 1963, Редактор Н.Сэр-Оджав
Доржготов О. Бурханч Жүгдэрийн “Их хүрээ” зургийн зохиомж, дүрслэлийн онцлог //ШУА, ФСЭЗХүрээлэн “Эрдмийн ертөнц” Э.Ш-ний бичиг, 2012, №2, 1442151 дэх тал&http://buteel.surgalt.mn/Oguulleg/Details/f4e8e60d-545b-47d4-aa3e-57de8dde834a
Дүгэрсүрэн Л. Улаанбаатар хот \1921-1940\ УБ., 1963
Дүгэрсүрэн Л.Улаанбаатар хотын түүхээс: Нийслэл хүрээ УБ.,1956, -85т
Дүгэрсүрэн Л.Улаанбаатар хотын түүхээс УБ.,1999, -227т
Жамъян Б. Богдын хүрээний борчуудын намтраас УБ., 1994
Mongolian tinker named Badarchin, Thesis for History and Philosophy //https://www.docsity.com/en/mongolian-tinker-named-badarchin/4532895/
Ринчен Б. Бадарчин. Өгүүлэл УБ., 1956
Ринчен Б. Из культурного наследия Сборник статей, Улан-Батор, 1958. -172 с
Содном Б. Ардын аман зохиол судлал. \Шог, хошин үлгэр, домог ярианы удиртгал\ 1953 \
//http://mongolstudy.blogspot.com/2008/03/
Сонгуульхүү Н. Монгол бадарчин (Түүх, угсаатны зүйн судалгаа) УБ., 2018, -144т, УБ., Бит пресс ISBN 978-99978-3-583-3
Хүрэлбаатар Ү. Монгол бадарчин гайхамшигт ертөнц \\http://u-khurelbaatar.blogspot.com/2010/11/blog-post.html
Цэнд-Аюуш Д. Монгол хошин шиг яриа УБ., 1975
http://sodnomsudlal.blog.gogo.mn.