Засгийн газраас өргөн барьж шинэчлэх шатандаа явж буй Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуультай холбоотойгоор Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төв НҮТББ болон Бодлогод залуусын хяналт ТББ хамтран бодлого боловсруулагчид, хууль тогтоогчдод санал зөвлөмж шаардлага хүргүүлж байр суурийн баримт бичиг гаргалаа.

Засгийн газраас Улсын их хуралд өргөн барьсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь сэтгүүл зүй, хүний эрх, ардчиллын үндсэн зарчмуудыг хангаж чадахгүй, цензур тогтоох эрсдэлийг агуулж байна.

-Эх сурвалжаа нууцлах эрх хамгаалагдаагүй

-Цоорхой, тодорхой бус, хийдэл үүсгэх заалтууд

-Эрүүгийн хуульд нийцээгүй, эрх зүйн эрсдэл дагуулах зохицуулалтууд

- “Ноорог”-ийн кейс шиг тохиолдолд сэтгүүлчдийн эрхийг хамгаалж чадахгүй

NEST-ээс хийсэн байр суурийн судалгаа болон ЮНЕСКО-ийн дэмжлэгтэйгээр боловсруулсан хөндлөнгийн дүгнэлтэд үндэслэн хуулийн төслийг хууль санаачлагчид буцааж, эрх зүйн шинэтгэлийг илүү үндэслэлтэй, нээлттэй, хүний эрхийн зарчимд нийцсэн байдлаар хийхийг шаардаж байна.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай 1998 оны хуулийг шинэчлэн найруулах үйл явц эрчимтэй өрнөж буйг хүний эрх, ардчилал, засаглал, сэтгүүл зүйн иргэний нийгмийн байгууллага, судлаачид анхааралтай ажиглаж, зарчмын хувьд эрх зүйт ёсонд нийцсэн хууль тогтоомжийн шинэчлэлийг дэмжиж байна. Хэдий тийм боловч Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д заасан “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх... эрх чөлөөтэй” гэж заасан үндсэн эрхийг Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөл баталгаажуулж чадахгүй байна.

Тус хуулийн төсөл нь хэвлэл мэдээллийн салбарт тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх ач холбогдолтой зохицуулалт агуулсан боловч хуулийн зорилт, нэр томьёоны тодорхойлолтууд болон зарим зохицуулалт хэт ерөнхий, эсхүл хэт нарийвчилсан, мөн зохицуулах шаардлагатай харилцааг зохицуулаагүй хийдэлтэй байгаа нь хожим субьектив агуулгаар хяналт, цензур тогтооход ашиглах, шүүхийн шатанд хууль хэрэглээний ойлгомжгүй байдал бий болгох үр дагавар үүсгэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарлах эрсдэлтэй байна.

Энэхүү дүгнэлтийг ЮНЕСКО-гийн дэмжлэгтэй хэрэгжүүлсэн “Хууль ба Ардчилал төв”-өөс хуулийн төсөлд зарим тохиолдолд хязгаарлалт тогтоосон шинжтэй заалтууд байгааг онцлон дурдаж, сайжруулах болон нэмж тусгах шаардлагатай 46 саналыг хүргүүлжээ.  

Өргөн баригдсан хуулийн төслийг олон улсын хүний эрхийн зарчим болон үндэсний хууль тогтоомжтой харьцуулсан судалгаанд тулгуурлан дараах ерөнхий дүгнэлтийг нийт Улсын Их Хурлын гишүүд болон Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хороонд хүргүүлж байна.

1.     Хуулийн төсөл нь төрийн оролцоог хязгаарлаагүй, хариуцлагын механизмыг тодорхой зааж, ихэнх заалт “эрх чөлөө”-г ерөнхий байдлаар тунхаглаж, бодит байдалд хэрэгжих боломжгүй юм. Тодруулбал, төрийн зүгээс үндэсний аюулгүй байдал, нууцын холбогдолтой асуудлаар сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаанд саад учруулах, тагнах чагнах, цензур тогтоох, эх сурвалжаа нууцлах эрхийг зөрчсөн тохиолдолд хамгаалагдах, хариуцлага тооцох, хэрхэн хариу арга хэмжээ авах нь тодорхойгүй байна. Саяхан тохиолдсон “Ноорог”-ийн кейс дахин тохиолдолдвол хуулийн төслийн ямар ч заалт хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгаалж, эрхийг нөхөн сэргээн зохицуулалт агуулаагүй.

Үндэслэл: Хил Хязгааргүй Сэтгүүлчид (RSF) олон улсын байгууллагаас жил бүр гаргадаг улс орнуудын хэвлэлийн эрх чөлөөний индексээр 2023 онд 180 орноос 88 дугаар байр “асуудалтай” ангилалд байсан бол 2024 онд 109 дүгээр байр “хүнд нөхцөл байдалтай” ангилалд шилжсэн. Хууль эрх зүйн орчин 8 байр, сэтгүүлчдийн эсрэг хүчирхийлэл 34 байр ухарсан нь ийнхүү 21 байр ухрахад нөлөөлсөн. Иймд тунхагийн бөгөөд хэлбэрийн төдий заалтууд нь Хэвлэлийн мэдээллийн эрх чөлөөг Монгол улсад бий болгож чадахгүй юм.

2.     Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу шинэчилсэн найруулгад тавигдах шаардлагаас давж, анхдагч хуулийн хэмжээнд төслийг өргөн барьж, холбогдох судалгаа, баримтыг бүрдүүлэх шаардлагатай.

Үндэслэл: 1998 оны Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд хэрэгжилтийг хангахад чиглэсэн зохицуулалт дутмаг байснаас тус хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөл нь тус хуулиар тодорхойлж, зохицуулж байгаагүй харилцааг, тухайлбал хэвлэл мэдээллийн салбарын оролцогч, тэдгээрийн үйл ажиллагаа, өөрийн зохицуулалт гэх мэт шинэ харилцааг тодорхойлж, зохицуулах тохиолдолд Хууль тогтоомжийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т нийцүүлж анхдагч хуулийн төсөл боловсруулах, ингэхдээ хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах ажлыг ул суурьтай гүйцэтгэх шаардлагатай байсан.

3.     Хуулийн төсөлд хэмжиж, тодорхойлох боломжгүй, хожим цензур тогтооход ашиглагдах эрсдэлтэй нэр томъёо, тодорхойлолт, заалтыг тусгасан.

Үндэслэл: Хуулийн зорилго (“олон нийтийн эрх, ашиг сонирхлын төлөөх”, “тэнцвэртэй мэдээлэх,”, “хүнлэг байх”), зарчим (“үндэсний аюулгүй байдал”, “нийтийн ашиг сонирхол”), нэр томьёо (сэтгүүл зүйн үйл ажиллагаа, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлч), хүч оруулсан үг (илт худал мэдээлэл, ташаа мэдээлэл) байгааг бүхэлд нь өөрчлөх шаардлагатай. Тодруулбал, Хууль тогтоомжийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3-т үг хэллэгийг хоёрдмол утгагүй товч, тодорхой, ойлгоход хялбараар бичих, 30.1.4-т хүч оруулсан нэр томьёо хэрэглэхгүй байх зэрэг хуулийн төслийн хэл зүй, найруулгад тавигдах нийтлэг шаардлагыг хэрэгжүүлэх шаардлагатай.

4.     Эх сурвалжаа нууцлах эрхийг хэлбэрийн төдий тодорхойлж, сэтгүүл зүйн үйл ажиллагааны баталгааг хангаагүй.

Үндэслэл: Сэтгүүлчид эх сурвалжаа нууцлах боломжгүй, хэлэхгүй байсан ч бусад аргаар олж мэдэх боломжтой нөхцлийг хуулиар хаагаагүй. Глоб Интернэшнл төвөөс жил бүр гаргадаг Сэтгүүлчдийн аюулгүй байдлын судалгаанаас нэгтгэн дүгнэвэл, эх сурвалжаа илчлэхийг албадах,  асуудал сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын дунд нийтлэг зөрчилд тооцогдож байна.  Мөн сэтгүүлч эх сурвалжаа мэдээлээгүй байсан ч цахим болон бусад хэрэгсэл, арга замыг ашиглах байдлаар илчлэхээс хамгаалж чадахгүй юм. Түүнчлэн, сэтгүүл зүйн үйл ажиллагааг хуульчилж байгаа хэр нь тус үйл ажиллагааны баталгааг бусад мэргэжил шиг баталгаажуулаагүй байна. Тухайлбал, Өмгөөлөгч, өмгөөлөгчийн туслах, өмгөөллийн хуулийн этгээдийн ажилтны яриаг чагнах, албан байр болон орон байр, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийх, мөрдөн мөшгөхийг хориглодог.

5.     Эрүүгийн болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилттэй уялдаагүй, харин ч эрүүгийн бусад заалтаар ял шийтгэл авах, шалгагдах эрсдлийг нэмэгдүүлсэн.

Үндэслэл: Хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “хуульд өөрөөр заагаагүй бол хэвлэл мэдээллийн байгууллагын редакцаар дамжсан сэтгүүл зүйн үйл ажиллагааны хүрээнд мэдээ, мэдээлэл бэлтгэх, түгээх ажилд мэргэжлийн үүргээр оролцсон этгээд”-с мэдүүлэг авахгүй байхаар тусгасан. Гэхдээ энэ хамгаалалтыг Эрүүгийн хуулийн 19 дүгээр бүлэг Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг (17 зүйл гэмт хэрэг), Эрүүгийн хуулийн 20 дугаар бүлэг Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг (17 зүйл гэмт хэрэг)-ийг мөрдөн шалгах ажиллагаанд хамаарахгүй байхаар мөн тусгасан. Ийнхүү 34 гэмт хэргийн  зүйлчлэлтэй хэрэг бүртгэлийн хэргийн шатанд ч эх сурвалж нууцлах эрхийг эдлэх боломжгүй байгаа нь буруугаар ашиглагдах, тодруулбал ийнхүү зүйлчилж эх сурвалжийн мэдээлэл гаргуулаад зүйлчлэл өөрчлөх боломжтойг анхаарах шаардлагатай.

САНАЛ, ШААРДЛАГА:

1.     Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль (1998)-ийн шинэчилсэн найруулгын төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хууль санаачлагчид буцаах;

2.    Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль (1998)-иар тодорхойлж, зохицуулж байгаагүй харилцааг зохицуулах тохиолдолд Хууль тогтоомжийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т нийцүүлж анхдагч хуулийн төсөл боловсруулах, ингэхдээ хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах ажлыг ул суурьтай гүйцэтгэх;

3.     Хууль тогтоомжийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй уялдуулж, холбогдох хүний эрхэд нөлөөлөх хараат бус, хөндлөнгийн шинжилгээ, дүгнэлтийг хэрэгжүүлэх;

4.     Эрүүгийн хууль болон бусад дагах хуулийг хууль хоорондын уялдааг харгалзан хууль хоорондын уялдаа, давхардал, хийдлийг тодорхойлох судалгаанд үндэслэж дагах хуулийн төслийг бүрэн хэмжээгээр боловсруулах;

5.     Хууль тогтоомжийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар үзэл баримтлалд хэвлэл мэдээллийн эрх чөлөөг баталгаажуулах, хэрэгжүүлэх болон хязгаарлалт тогтоох зохицуулалтыг агуулсан Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, Төрийн болон албаны нууцын тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Харилцаа холбооны тухай гэх мэт хуулиудыг өөрчлөхтэй холбоотой агуулгыг тусгах;

6.     Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн эзэмшлийн ил тод байдлыг хангах зохицуулалт нь Радио, телевизийн сүлжээний болон Олон суваг дамжуулах, Радио телевизийн тусгай зөвшөөрөлтэй эрхлэх үйлчилгээнд хамаарахаар, Өрсөлдөөний тухай хуулийн 8 дугаар зүйлээр давамгай байдалтай хуулийн этгээдийн нэгдэх, нийлэх замаар өөрчлөн байгуулагдах, бусад компанийн хувьцааг худалдан авах харилцааг зохицуулж, зах зээлийн төвлөрөл үүсэхээс сэргийлсэн. Тиймээс эдгээр хуулийн үйлчлэлд хамаарахгүй буюу Радио, телевизийн сүлжээний болон Олон суваг дамжуулах, Радио телевизийн тусгай зөвшөөрөлгүй, мөн давамгай байдалтай этгээдээр бүртгэгдээгүй бусад хэвлэл мэдээллийн байгууллагын ил тод байдалд тавих хяналт, хэт төвлөрөл үүсэхээр сэргийлэх арга хэмжээ, хариуцлага зэргийг хууль хоорондын давхардлыг арилгаж, уялдааг хангах замаар тодорхойлох шаардлагатай.