АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнгээр Дональд Трамп нийт сонгогчдын 51 хувийн саналаар ахин нэгэнтээ Цагаан ордны тэргүүнээр сонгогджээ. Тэрээр Флорида мужид дэмжигчидтэйгээ уулзахдаа Америкийн “алтан үе” ирснийг зарлаад ганц өөрөө биш, бүх америкчууд яллаа гэсэн байна. Энэ жил 78 настай Трамп 2017-2021 онд Цагаан ордны 45 дахь тэргүүнээр ажилласан бол ийнхүү 47 дахь Ерөнхийлөгч болон тодорч байна. Мөн дундаа завсарлагатайгаар төрийн тэргүүний суудалдаа эргэн ирсэн Америкийн түүхэн дэх хоёр дахь Ерөнхийлөгч болж байгаа аж. Түүнээс өмнө 22 дахь Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад хоёр сонгуульдаа өвдөг шороодсон Гровер Кливлэнд одоогоос 120 жилийн өмнө 24 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдож байжээ. Трамп мөн хамгийн өндөр насандаа Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан хүн болж байна. Түүний ялалтыг “бүх цаг үеийн улс төрийн түүхэн дэх хамгийн гайхалтай, санаанд багтамгүй эргэн ирсэн хэрэг” боллоо гэцгээж байгаа бол ажиглагчид амь насанд нь халдах гэсэн хоёр ч удаагийн оролдлого, мөн өрсөлдөгч Камала Харрис нь өрсөлдөөнд сүүлдэж орж ирсэн нь Трампыг ялахад хүргэлээ гэж дүгнэж байгаа аж.
Америкийн Бүгд найрамдах намынхан мөн Сенатад олонх болох нь тодорхой болжээ. Хамгийн сүүлийн урьдчилсан мэдээгээр бүгд найрамдахчууд 51, Ардчилсан намынхан 40 суудал аваад байна.