Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар тов тогтоож, талууд уулзалтыг зохион байгуулахаар хэдийнээ зөвшилцөлд хүрсэн гэлээ. Гэхдээ уулзалт хэзээ болохыг тодруулаагүй байна. Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Америкаас албан журмаар ямар нэг уулзалт зохион байгуулах хүсэлт ирүүлээгүй гэв.
Трамп энэ сарын 20-нд үүрэгт ажлаа авсан даруйдаа Орос-Украины дайныг эцэслэнэ гэж амласаар байгаа. Тэрээр өмнө нь Үндэсний аюулгүйн зөвлөлийн зөвлөхийн алба хашиж байсан, Нэгдсэн Улсын Зэвсэгт хүчний дэслэгч генерал Кит Келлоггийг Орос, Украины асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгчөөр томилоод байна. Тэрээр Оростой яриа хэлэлцээ хийхийг зөвшөөрсөн тохиолдолд л Украинд зэр зэвсэг нийлүүлнэ, харин Оросын тал Украинтай дипломат тохиролцоонд хүрэхгүй бол Украинд нийлүүлэх Америкийн тусламжийн хэмжээг хэд дахин нэмнэ гэсэн болзол тавиад байгаа юм.