Жендэрийн Үндэсний Хорооноос Ховд аймагт зохион байгуулсан “Тогтвортой хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал” үндэсний форумын оролцогчдоос орон нутгийн шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангах, Улсын Их Хурлаас баталсан жендэрийн мэдрэмжтэй эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэх, хамтын манлайллаа бэхжүүлэх зорилгоор энэхүү уриалгыг гаргаж байна.
Эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэн манлайлцгаая!
Орон нутгийн сонгуулийн тодорхой хувийг хувь тэнцүүлэх буюу пропорциональ тогтолцоогоор зохион байгуулах;
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд улс төрийн нам, эвслээс нэр дэвшигчдийн аль нэг хүйс 40-өөс доошгүй хувь, хувь тэнцүүлэх тогтолцоонд хүйсийн харьцааг 1:1 байхаар сөөлжилдөг байх;
Сонгуулийн зардлыг 50 хувь бууруулах хүрээнд ухуулагчийн үйл ажиллагааг сайн дурын үндсэн дээр зохион байгуулах;
Төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх хүрээнд ардчилсан улсуудын жишгийн дагуу сонгогчдын саналыг гээгдүүлэхгүй, идэвхтэй оролцоог хангах механизмыг бий болгох;
Улс төрийн намын орон нутгийн сонгуулийн амжилт, жендэрийн тэгш байдлыг дэмжсэн санаачилга зэргийг харгалзан төрийн санхүүжилт олгох.
Орон нутгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлцгээе!
Төрийн албаны улс төрийн албаны болон тэргүүн түшмэлийн томилгоонд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг хангах (Засгийн газрын гишүүн, Яамдын ТНБД, Агентлагийн дарга, бүх шатны Засаг дарга, ИТХ-ын дарга, Засаг даргын орлогч г.м);
Намын орон нутгийн удирдах байгууллагад аль нэг хүйс 40 хувиас багагүй байх хуулийн квотыг бодитой хэрэгжүүлэх.
Тогтвортой хөгжлийн төлөө хамтран ажиллацгаая!
Улс төрийн намууд дотоод ардчиллаа бэхжүүлэхдээ хүйсийн тэгш байдлыг дэмжих, төрийн улс төрийн албаны томилгоо болон нэр дэвшилтэд ажилласан туршлага, зөөлөн ур чадвар, ёс зүйн шаардлагыг гол шалгуур болгох;
Хэвлэл мэдээллийн байгууллагууд эмэгтэйчүүдийн эсрэг олон нийтийн хүрээнд хэвшмэл ойлголтыг халж, ёс зүйн дүрмээ баримтлах;
Иргэний нийгмийн байгууллагууд эрх зүйн шинэчлэл, төрийн албыг жендэрийн мэдрэмжтэй болгох, эмэгтэйчүүдийг чадавхжуулах.