Манай улс эрчим хүчний салбарын үнэ тарифаа төрийн хатуу, хязгаартай бодлогоор хүчээр бариад 30 гаруй жилийн нүүрийг үзэж байна. Үүний гороор өнөөдөр салбар бүхэлдээ дээсэн дөрөөн дээр дэнжигнэж буй. Уг нь хагас жарны хугацаанд их зүйл өөрчлөгдсөн. Бүр танихгүй болтлоо хувьссан нь ч цөөн биш. Бараа бүтээгдэхүүний үнээр жишвэл бараг 30 дахин өссөн. Гэтэл өөрчлөгдөж, шинэчлэгдэхгүйгээр бахь байдгаараа, тав, арван жилээр хоцорч яваа ганцхан зүйл бол тог цахилгааны үнэ тариф гэхэд хилсдэхгүй. Үүний уршгийг нийслэлчүүд өвөл болохоор л ойлгодог. Өнгөрсөн жил л гэхэд импортоор эрчим хүчний хэрэглээгээ нөхсөн хэдий ч 115 МВт чадлын дутагдалд орж хязгаарлалт хийхээс аргагүйд хүрснийг инженер техникийнхэн учирлаж байв. Гэтэл өнгөрсөн нэг жилийн хугацаанд шинэ эх үүсвэр ашиглалтад ороогүй учраас энэ өвөл ч хязгаарлалт үргэлжлэхийг хэлж таашгүй. Урьдчилсан төлөвөөр энэ өвөл эрчим хүчний салбар 274 тэрбумын алдагдал хүлээж, төвийн бүсийн дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангадаг гурван нүүрсний уурхайн алдагдал 81 тэрбумд хүрэх тооцоо судалгаа гарчээ. Эндээс харвал цаг алдахгүйгээр эрчим хүчний салбарт дорвитой шинэчлэл хийхгүй бол улам бүр тартагтаа тулж 21-р зуунд харанхуй суухыг ч хэлж мэдэхгүй. Яг л манайх шиг аргацааж явсаар Төв Азийн гурван улс Узбекистан, Казахстан, Киргизстан бүхэлдээ түнэр харанхуйд автсан. Сая сая хүмүүс хоёр өдрийн турш цахилгаанаар тасалдаж Кубад “эрчим хүчний онц байдал” зарласан сургамжийг бид мартаж болохгүй.

Тиймээс эрчим хүчний салбарыг цаг алдахгүй шинэчлэх алхам үнэ тариф байх талаарх тооцоо судалгааг мэргэжлийн байгууллагууд гаргаж тавилаа. Өөрөөр хэлбэл, олон нийтийн эсэргүүцэл хэл амнаас айж улс төрийн хүсэл зориг гаргаж чадаагүй үе үеийн албан тушаалтнуудын хулчгар зангийн горыг одоо л таслан зогсоохгүй бол мөдхөн нийтээрээ, нийгмээрээ лаа, шүдэнзний эрэлд гарах цаг хугацаа хэзээ гэдгийг хэлж мэдэхгүй болов.  

Иргэд 280 төгрөгийн талхыг 140 төгрөгөөр худалдаж авч байна

Тэгвэл одоо яах вэ, гарц шийдлийг хаанаас эхлэх вэ. Нэгдүгээрт, дулааны цахилгаан станц, тоноглолын 19 хувь, шугам сүлжээний 40 хувь нь ашиглалтын хугацаа дуусч, хуучирч муудаад удаж байна.

Хоёрдугаарт, бид хэрэглэж байгаа тог цахилгаанаа тал үнээр нь буюу 140 төгрөгөөр худалдаж авч байгаад гол гогцоо бий. Гэтэл 1квт эрчим хүчийг 280 төгрөгийн өртгөөр үйлдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл, дэлгүүрт зарж байгаа талхыг тал үнээр нь худалдаж авч байгаатай л адил. Эрчим хүчний салбарын өнөөгийн дүр зурагтай зүйрлэвэл дэлгүүр талхаа 50 хувийн хөнгөлөлттэй үнээр зарсаар байгаад дампуурахдаа тулсан ч үргэлжлүүлэн үнэгүй шахам өгөхийг шаардсаар байгаатай л адил юм.

Тиймээс одоо яригдаж байгаа эрчим хүчний үнийн өөрчлөлт бол талхыг үйлдвэрлэж байгаа бодит өртгөөр нь л худалдаж авъя гэдэгтэй агаар нэг. Угтаа тог цахилгааны үнийг нэмэх биш эрчим хүчний үнэ тарифыг зах зээлийн зарчимд нь нийцүүлэх буюу бодит өртөгт хүргэх гэж ойлгох нь зүй  гэдгийг Эрчим хүчний дэд хорооныхон хэлсэн.

Нөгөө талаас дархан цаазат уулын аманд амьдардаг том том хаус хорооллууд болон Долоон буудлын Должин эмээ хоёр яг адилхан төлбөр төлдөг. Чухам энд л эрчим хүчний үнийг индексжүүлж ялгаатай байдлаар тогтоох агуулга оршиж байгаа юм.