Дэлхийн даяар TikTok хэрэглэгчдийн тоо асар хурдтай өссөний нөлөөгөөр тус сүлжээг эзэмшигч ByteDance компанийн хамтран үүсгэн байгуулагч Жан Иминь Хятадын хамгийн чинээлэг хүн болон тодорчээ. Тус улсын тэргүүн баячуудын жагсаалтыг гаргадаг The Hurun Research Institute хэмээх судалгааны хүрээлэнгийн хамгийн сүүлийн тооцоогоор түүний хөрөнгө мөнгө өнгөрсөн оныхоос 43 хувиар өсөж, 49.3 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ жил 41 настай Жан Иминь 2021 онд ByteDance компанийн захирлын албан тушаалаа өгсөн ч өнөөг хүртэл үүсгэн байгуулсан компанийнхаа 20 орчим хувийг эзэмшдэг гэсэн мэдээ бий аж.

TikTok нь тун богино хугацаанд дэлхий дахинд хамгийн өргөн хэрэглэгддэг сошиал медиа аппликэйшн болон түгсэн юм. Гэхдээ Америк зэрэг зарим улс Хятадын компанийн эзэмшил учир уг аппликэйшнд итгэл муутай ханддаг бөгөөд ByteDance компанийг худалдахгүй гэвэл ирэх оны нэгдүгээр сар гэхэд TikTok-т хориг тавихаа зарлаад байна. Гэсэн ч ByteDance компанийн хувьцааны ханш энэ мэт шахалтаас үл хамааран зөвхөн өнгөрсөн онд гэхэд даруй 60 хувиар өсчээ.

Дээрх судалгааны дүн мэдээнд дурдсанаар Жан Иминь сүүлийн 26 жилд Хятадын тэргүүн баячуудын жагсаалтыг тэргүүлсэн 18 дахь шинэ толгой баян бол Америкийн баячуудыг харьцуулахад ердөө дөрвөн хүн л энэ хугацаанд улсынхаа хамгийн чинээлэг хүнээр шинээр тодорсон байна.