Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрөөр дэлхийн 21 орны 70 гаруй их сургуульд 758 оюутан суралцаж байгаа. Өөрөөр хэлбэл, боловсон хүчнээ бодлогоор бэлтгэх зорилгоор Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх, эрэлттэй мэргэжлүүдээр сургалтын төлбөр, дотуур байр, амжиргааны зардлыг бүтэн олгож буй юм. Ойролцоогоор нэг хүүхдэд тэрбум төгрөгийн тэтгэлэгийг төрөөс, татвар төлөгчдийн мөнгөнөөс өгдөг гэж хэлж болно. Гэрээнд амжилттай суралцах, сургууль, мэргэжлээ солихгүй байх, заасан хугацаандаа төгсөх, тухайн улсын болон сургуулийн дүрэм, журмыг мөрдөх, гэмт хэрэг, зөрчил үйлдэхгүй байх. Мөн сургуулиа амжилттай төгсөж ирээд аймаг, нийслэлдээ мэргэжлээрээ таван жил ажиллах зэрэг үүрэг хүлээлгэж буй. Эдгээр үүргийг биелүүлээгүй тохиолдолд санхүүжилтийг зогсоох, авсан бүх тэтгэлгээ эргүүлэн төлөхөөр тусгаж өгчээ.

Гэвч төрийн тэргүүний нэр нүүр, татвар төлөгчдийн мөнгөөр сүүлийн гурван жилийн хугацаанд гадаадад суралцах эрх өвөртөлсөн 758 оюутны 267-д нь асуудал үүсэж санхүүжилт зогсоход хүрчээ. Тэдгээр суралцагчдын ихэнх нь хилийн дээс алхаад соёл, төлөвшил, хүмүүжлийн зөрчил, ханшийн зөрүү, сургуулийн дүрэм журмыг мөрдөөгүй, сахилга бат алдсан, хангалтгүй суралцсанаас болж санхүүжилт зогсоход тулаад байгаа аж.

Тодруулбал, 267 оюутны 61 нь сурлагын дүнгийн асуудал хөндөгдөж, харин хасагдах буюу эргэн төлөлтийн асуудал долоон суралцагч дээр яригдаж байна. Эдгээрээс бусад нь 1-4 хичээл дахин судлах төлбөрөө өөрсдөө төлөөд үргэлжлэн сурч байгаа бөгөөд  206 нь амьжиргааны зардлаа хугацаандаа авъя гэсэн өргөдөлтэй байсныг шийдвэрлэж байгаа аж. Түүнчлэн  Герман, Франц зэрэг улс оронд суралцаж буй зарим оюутан заавал ганцаараа нэг өрөө байранд амьдрах шаардлага тавьж байгаа нь зээлийн дарамт үүсгэх зэргээр багагүй асуудал хөндөгдөхөд хүрээд буйг эх сурвалж хэлсэн юм.

Ерөнхийлөгчийн тэтгэлэг хүртсэн оюутнуудын эхний хоёр жилийн сургалтын төлбөр л гэхэд 360 гаруй сая, Монголд нэг жил болоод гадаадад нэг жил суралцахад 670 гаруй сая төгрөгийн төлбөртэй. Ийн зөвхөн нэг хүүхэд дээр 300 гаруй сая төгрөгийн асуудал сөхөгдөж цаашид яах, хэн төлөх вэ гэдэг асуудал гарч ирж байна. Хэрэв суралцагч өөрөө соёл, хүмүүжлийн алдаа гаргаж тэтгэлгээ авч чадахгүйд хүрвэл ар гэр нь төлж чадах уу гэдэг хэмжээнд яригдах юм байна.

Бид үргэлжлүүлэн мэдээлэх болно