Палестинчуудыг нутаг орноос нь нүүлгэн шилжүүлж, хөрш зэргэлдээ Арабын орнуудад хэсэг хугацаанд байрлуулах хооронд Газын зурвасыг мэдэлдээ авч, Ойрх Дорнодын Ривьера болтол нь хөгжүүлж өгье гэсэн Америкийн Ерөнхийлөгч Дональд Трампын саналыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш “үндэстэн угсаатны цэвэрлэгээ” хийх гэсэн санаархал хэмээн шүүмжиллээ. Трамп Израилийн Ерөнхий сайд Биньямин Нэтаньяхуг Вашингтонд хүлээн авч уулзсаныхаа дараа хэвлэлийн хурлын үеэр дээрх төлөвлөгөөгөө танилцуулсан юм.
Олон улс Трампын саналыг эсэргүүцсээр байна. Арабын орнууд Газыг америкчуудад өгөхгүй гэсэн бол Герман, Франц тэргүүтэй Европын орнууд Трампын төлөвлөгөө олон улсын хууль журам зөрчинө, Хятад улс иргэдийг албадан нүүлгэн шилжүүлэх ямар ч ажиллагааг дэмжихгүй, Бразил улс байж боломгүй ийм үйлдлийг яагаад ч хүлээн зөвшөөрөхгүй гэх зэргээр байр сууриа илэрхийлжээ. Харин Трамп Газын зурвасыг цэвэрлэж, сэргээн босгох төлөвлөгөө хүн бүрд таалагдаж байгаа, шаардлагатай гэвэл цэргийн хүч ч ашиглахыг үгүйсгэхгүй гэж мэдэгдсэн юм.
Газын зурваст 2.3 сая хүн амьдардаг. Бүтэн 15 сар үргэлжилсэн Израиль-“Хамас”-ын дайнаар хэдэн мянган хүн амь үрэгдэж, олон зуун мянган хүн дайжиж дүрвэсэн ч өнгөрсөн сард гал зогсоох гэрээ батлагдахтай хамт палестинчууд мянга мянгаараа эргэж орон гэртээ ирсээр байна. Тиймээс Газын зурвасыг “үл хөдлөх хөрөнгийн зах зээл” гэж харахгүй байхыг Саудын Араб тэргүүтэй Америкийн гол холбоотон Арабын орнууд Трампаас хүссээр байгаа юм.
Палестины дүрвэгчдийг хамгийн олноор нь хүлээж авсан орны нэг Иорданы төрийн тэргүүн, Абдулла хаан ирэх долоо хоногт Вашингтонд айлчилж, Трамптай уулзана. Тэрээр мөн палестинчуудыг эх нутгаас нь нүүлгэн шилжүүлж, газар орныг нь эрхэндээ авах гэсэн ямар ч төлөвлөгөөг дэмжихгүйгээ мэдэгдээд байгаа юм. Бүс нутгийнхаа гол тоглогчийн нэг Египет улс мөн байр сууриа илэрхийлээд байна. Тус улсын Ерөнхийлөгч Абдел Фатах аль-Сиси Газын зурвасыг сэргээн босгох ажлыг дэмжинэ, гэхдээ палестинчуудыг нүүлгэн шилжүүлэхийг зөвшөөрөхгүй гэжээ.