АНУ-ын Хууль зүйн яам дэлхийн хамгийн баян хүн болох Элон Маскийн сугалааны зарчмаар сонгогчдод сая ам.доллар тарааж буй үйлдлийг хууль бус болохыг анхааруулж, түүнд албан ёсоор сануулга илгээжээ. Маск энэ удаагийн Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч, Ерөнхийлөгч асан Дональд Трампийг дэмжиж байгаа юм. Тэрээр өнгөрсөн долоо хоногоос эхлэн Нэгдсэн Улсын Үндсэн хуулийг дэмжинэ гэсэн утга агуулгатай өргөдөлд гарын үсэг зурсан долоон мужийн сонгогчдын дунд сугалаа явуулж, сонгуулийн өдөр хүртэл өдөр бүр нэг сонгогчийг сая ам.доллараар урамшуулж байгаа билээ. Тэгвэл Маскийг Сонгуулийн тухай хуулийн зүйл, заалтуудыг зөрчсөн эсэхийг албаны хүмүүс хэдийнээ шалгаж эхэлжээ. Энэ нь 10 мянга хүртэлх ам.долларын торгууль юм уу, тав хүртэлх жилийн ялтай хэрэг аж.
Америкийн Ерөнхийлөгчийн сонгууль ирэх сарын 5-нд болно. Дээрх долоон муж нь свинг буюу Бүгд Найрамдах, Ардчилсан хоёр намын дэмжигчид нь эн тэнцүү байдаг; аль ч сонгуулийн үр дүнг шийдвэрлэхэд хамгийн чухал оролцоотой байдаг гэх Пенсильвания, Жоржия, Невада, Аризона, Мичиган, Висконсин, Хойд Каролин мужууд юм.