АНУ-д бүртгэгддэг урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой гэх хорт хавдрын бүхий л тохиолдлыг судлахад өвчин үүсгэгч гол үүдэл шалтгааны гуравт нь тамхи, хэт таргалалтын дараа согтууруулах ундаа бичигдсэн байна. Тиймээс бүх төрлийн согтууруулах ундааны шошгон дээр хорт хавдар үүсгэх эрсдэлтэйг нь сануулах анхааруулга, сэрэмжлүүлэг бичих юм уу, нааж худалдаалах шаардлага тулгараад байна гэж Нэгдсэн Улсын Олон нийтийн эрүүл мэндийн үйлчилгээний нэгдсэн корпусаас мэдэгджээ. Тус байгууллагын тэргүүн, Нэгдсэн Улсын Ерөнхий мэс засалч гэх албыг хашдаг Вивек Муртийн анхааруулснаар Америкт жил бүр бүртгэгддэг урьдчилан сэргийлэх боломжтой хорт хавдрын тохиолдлын 100 мянга орчимд нь согтууруулах ундаа нөлөөлсөн нь, түүнээс 20 мянга нь үхэлд хүрдэг нь батлагдсан байна. Ганц жишээ татахад 2019 онд Америкт хөхний хорт хавдартай 270 мянга гаруй эмэгтэй бүртгэгдсэний 16.4 хувь буюу ойролцоогоор 44 мянга гаруй нь согтууруулах ундааны хамааралтай байжээ.

Дээрх байгууллагын судалдаанд мөн хүмүүс согтууруулах ундааны аюулыг харьцангуй бага бодолцож үздэгийг онцолсон байна. 2019 онд америкчуудын дунд явуулсан санал асуулгын дүнг харахад цацраг идэвхт туяа хорт хавдар үүсгэх эрсдэлтэйг хүмүүсийн 91 хувь нь, тамхи хортойг 89 хувь нь, хэт таргалалт мөн хорт хавдрын аюул дагуулахыг 63 хувь нь мэднэ гэж хариулсан ч судалгаанд хамрагдагсдын ердөө 45 хувь нь л согтууруулах ундаа эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үзжээ.