Швед, Финланд, Норвегийн ард иргэд өчигдрөөс эхлэн болзошгүй дайнд хэрхэн бэлэн байх; үймээн самуун, зэвсэгт зөрчлийн үер өөрийгөө болон гэр бүлээ хэрхэн хамгаалах тухай шинэ гарын авлагаар хангагдаж эхэлжээ. Швед, Финландын эрх баригчдаас ялгаатай нь Норвегийн Засгийн газар дайны гарын авлагыг нийт иргэддээ цахимаар илгээсэн байна. Энэ нь Орос-Украины дайны нөхцөл байдал хурцадсантай холбоотой бөгөөд Шведийн шинэчилсэн гарын авлага гэхэд зургаан жилийн өмнөх сүүлийн гарын авлагаас хоёр дахин зузаан болжээ. Данийн Онц байдлыг зохицуулах агентлаг мөн энэ зун ард иргэддээ цахим шуудангаар сэрэмжлүүлэг илгээж; болзошгүй гамшиг, дайн самууны үеэр ундны ус, хоол хүнс, эм тариа хэрхэн нөөцлөх; аюулгүй газар яаж олох талаар зөвлөж байсан юм.
Швед улс энэ жил л НАТО-д элссэн бол Финланд улс Оросын армийг 2022 оны хоёрдугаар сард Украин руу халдсаны дараахан НАТО-д элсэх хүсэлтээ илэрхийлсэн байв. Харин Норвеги уг эвслийн үүсгэн байгуулагчдын нэг юм.
Өнөөдөр Украины дайн эхэлсний 1000 дахь өдөр тохиож байна. Оросын арми 2022 оны хоёрдугаар сарын 24-нд Украины газар нутаг руу халдсан юм. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өчигдөрхөн Оросын нутагт холын тусгалт урт пуужин ашиглахыг Украинд зөвшөөрсний хариуд Кремлийн эрх баригчид “Хэрэв Украин Оросын эсрэг Америкийн пуужин ашиглабал тохирсон, бодит хариуг нь заавал барина” хэмээн мэдэгдсэн байна. Америкийн Бүгд найрамдах намынхан ч мөн Байдений шийдвэрийг эсэргүүцэж, “Трампыг албан ёсоор ажлаа авахаас өмнө дэлхийн гуравдугаар дайн эхлүүлэх гэлээ” хэмээн шүүмжилжээ.