Суут Фредерик Шопений өмнө нь огт олны хүртээл болж байгаагүй нэгэн вальсын ноот бараг 200 жилийн дараа Нью-Йорк хот дахь Морганы номын сан, музей хэмээх байгууллагын агуулахаас олджээ. Нооттой цаасан дээр хэдийгээр хөгжмийн зохиолчийн гарын үсэг байхгүй ч бичгийн хэвийг нь шинжиж, цаас болон бэхийг нь нарийн шинжилгээгээр оруулж байж зохиолийг Шопенийх болохыг баталсан байна. Мэргэжлийн судлаачид дээрх вальсыг 1830-1835 оны хооронд буюу хөгжмийн зохиолчийг ердөө 20-иодхон настай байхад бичигдсэн гэж үзэж байгаа аж.

Шопен 1849 онд 39-хөн насандаа өөд болсон юм. Тэрээр хамгийн алдартай хөгжмийн зохиолчдын нэг боловч бусад нэртэй уран бүтээлчдийг бодвол харьцангуй цөөхөн бүтээл үлдээсэн гэгддэг. Түүний 250 орчим бүтээлийн дийлэнх нь төгөлдөр хуурын гоцлол байдаг билээ.