Хятадын зүүн хэсэгт орших Жянсү мужийн Үши хотын Дүрслэх урлагийн сургуулийн гадаа 21 настай эр хутга барин хүмүүс рүү дайрч, найман хүний аминд хүрчээ. Түүний гарт мөн 17 хүн бэртэж гэмтсэн байна. Албаныхны мэдээлснээр хэрэгтэн дээрх сургуулийг энэ жил дүүргэсэн ч шалгалтандаа муу дүн авснаасаа болоод дипломаа гардаж авч чадаагүйдээ хорсон ийм халдлага үйлдсэнээ хүлээсэн гэнэ.

Өнгөрсөн даваа гарагт нутгийн өмнөд захад орших Гуандун мужийн Жухай хотод цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа алхаж явсан олныг машинтай этгээд дайрч, 35 хүний аминд хүрсэн юм. Тэрээр гэрлэлтээ цуцлуулсандаа хямарч, шүүхийн шийдвэрт хорссондоо ийм хэрэг үйлдсэн гэжээ. Сүүлийн үед олон нийтийн газарт энэ мэт халдлага гарах нь нэмэгдэж, хятад хүмүүсийн сэтгэлийг зовоож байна. Хятадын сошиал медиа хэрэглэгчид ийм хэрэг үйлдэж байгаа гэмт этгээдүүдийг “нийгмээсээ өшөө авагчид” хэмээж байгаа юм.