БИЗНЕСИЙН САНХҮҮЖИЛТИЙН ОРЧИН ДАХЬ ЖЕНДЕРИЙН ЯЛГААНЫ БОДИТ ШАЛТГААНУУДЫГ ШИЙДВЭРЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАНА
УИХ-ын даргын ивээл доор зохион байгуулагдаж буй “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрийн нээлт энэ сарын 16-нд боллоо. Дэлхийн банкны судалгаагаар, хэрэв бид жендерийн тэгш, хүртээмжтэй оролцоог эдийн засагт бүрдүүлж чадвал дэлхийн ДНБ-д 5–6 их наяд ам.долларын өсөлт бий болж, урт хугацаандаа улс орнуудын нэг хүнд ногдох орлого дунджаар 20 хувиар нэмэгдэх боломжтой гэж тооцоолжээ. Уг тооцоолол нь эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцоог нэмэгдүүлэх нь дан ганц жендерийн асуудал бус эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжилд хамаарах чухал асуудал гэдгийг харуулж байна. “Дэлхийн бизнес эрхлэгчдийн тойм судалгаа (Global Entrepreneurship Monitor)”-ны 2024 оны дүнгээр, дэлхийн хэмжээнд 10 эмэгтэй тутмын 1 нь бизнес эрхэлж байгаа нь 20 жилийн өмнөхтэй харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт юм. Дэлхийн нийт бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 54 хувь нь эмэгтэйчүүд байна.
Харин манай улсын хувьд, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн 60 орчим хувь нь эмэгтэйчүүд бөгөөд эдгээрийн 87 хувь нь 10-аас цөөн ажилтантай бичил бизнес эрхэлж байна. Энэ нь эмэгтэйчүүдийн бизнесийн оролцоо өргөн хүрээнд байгааг илтгэх хэдий ч тэдгээрийн үйл ажиллагаа өргөжин тэлэхэд санхүүжилт, зах зээлийн дэмжлэг дутагдаж буйг харуулж байна.
Дэлхийн банкнаас жил бүр гаргадаг “Эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлт, хууль эрх зүйн орчин (Women, Business and the Law) -2024” индексээр Монгол Улс 100 онооноос 77.5 оноо авч, дэлхийн 190 орноос 50-р байрт жагссан. Энэ үзүүлэлт нь манай улсын хууль, эрх зүйн орчин хөдөлмөр эрхлэлт, өмчлөл, гэр бүлийн харилцаанд жендерийн хувьд харьцангуй тэгш боломжийг бүрдүүлсэн ч, эмэгтэйчүүдийн бизнесийн оролцоо, шийдвэр гаргах түвшний манлайллыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг харуулж байна. Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихэд тулгарч буй хамгийн том сорилт бол санхүүжилт юм. Олон улсын түвшинд эмэгтэй бизнес эрхлэгчдийн 1.7 их наяд ам.долларын санхүүжилтийн хэрэгцээ хангагдаагүй байна гэсэн тооцоо бий. Энэ нь зөвхөн хөрөнгө мөнгөний асуудал биш, эдийн засгийн өсөлтийн алдагдаж буй боломж, бүтээмжийн дутмаг байдал гэдгийг бид ойлгох хэрэгтэй.
Монгол Улсын хувьд банк, санхүүгийн үйлчилгээг авч буй иргэдийн тоо харьцангуй өндөр буюу санхүүгийн хүртээмжийн үндсэн үзүүлэлтээр өндөр хөгжсөн орнуудтай зэрэгцэж очдог. Иргэдийн санхүүгийн үйлчилгээ дэх жендерийн ялгаа ч төдийлөн зөрүүтэй биш. Гэхдээ бизнесийн орчин дахь санхүүжилтийн хувьд зөрүүтэй байна. Тухайлбал 2024 оны жилийн эцсийн байдлаар банк бус санхүүгийн байгууллагын зээлдэгчдийн 49.3 хувь нь эмэгтэй байгаа бол бизнесийн зээлийн ердөө 19.5 хувь нь эмэгтэй гүйцэтгэх захиралтай, эмэгтэй эзэмшигчтэй бизнест олгогдсон байна. Энэ нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүд хөрөнгө оруулалт татах, үйл ажиллагаагаа тэлэхэд хүндрэлтэй, улмаар өрсөлдөх чадвар нь харьцангуй сул байх нөхцөлд ажиллаж байгааг харуулж байна. Иймд бид бодлогоор, зохицуулалтаар болон салбарын хамтын ажиллагаагаар дамжуулан тэгш боломжийг бодитоор бий болгох шаардлагатай. Санхүүгийн зохицуулах хороо энэхүү “Санхүүжилтийн кодекс”-т нэгдэх болсноор жендерийн ялгааг арилгах, бизнесийн санхүүжилтийн тэгш хүртээмжийг дэмжих хамтын хариуцлагад нэгдэж буйн тод илэрхийлэл юм.
Санхүүгийн зохицуулах хороо жендерийн тэгш байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ирсэн билээ. Тухайлбал, СЗХ-ны менежментийн багийн 45 хувийг эмэгтэй албан хаагчид бүрдүүлж байна. Мөн компанийн засаглалын кодексод компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд хүйсийн тэнцвэрийг хангах зохицуулалтыг тусган, салбарын зохицуулалттай байгууллагуудын статистик мэдээллийг хүйсээр ангилан гаргах тогтолцоог бүрдүүлэн ажиллаж байна. Түүнчлэн Хороо санхүүгийн хүртээмж болон иргэдийн санхүүгийн эрүүл мэндийг үнэлэх судалгааг тогтмол гүйцэтгэж, өгөгдөл, судалгаанд суурилсан бодлого, шийдвэрийг гаргаж байна. Үүнээс гадна, жендерт мэдрэмжтэй санхүүгийн бүтээгдэхүүн хөгжүүлэх зорилгоор “Жендер бондын” зохицуулалтын орчныг бүрдүүлэх ажилд түлхүү анхаарч, “Өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулсан ба батлахаар ажиллаж байгаа юм. Цаашид ч салбарын статистик, мэдээллийн ангиллыг улам нарийвчлан боловсруулж, жендерийн мэдрэмжтэй санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх, салбарын дүрэм журам, засаглалын шаардлагад жендерийн тэгш байдлыг тогтвортой тусгах, бизнесийн санхүүжилтийн орчин дахь жендерийн ялгааны бодит шалтгаануудыг салбарын оролцогчдод ойлгуулан, хамтдаа шийдвэрлэх чиглэлээр үр дүнтэй хамтын ажиллагааг өрнүүлэхэд уриалан ажиллах юм.

ЖЕНДЭРИЙН ТЭГШ ХҮРТЭЭМЖТЭЙ БОДЛОГО БОЛОВСРУУЛАХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНААЧИЛГАД МОНГОЛ УЛС НЭГДЛЭЭ
УИХ-ын даргын ивээл доор зохион байгуулагдаж буй “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрийн нээлт энэ сарын 16-нд боллоо.
Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код нь дэлхийн улс орнуудын төр, санхүүгийн байгууллага, бодлого тодорхойлогчид, олон улсын хөгжлийн байгууллагууд хамтран ажиллаж, эмэгтэй бизнес эрхлэгчдийн өмнө тулгардаг санхүүгийн саад бэрхшээлийг бодитойгоор шийдвэрлэх, тэгш бус байдлыг бууруулах, жендэрийн тэгш хүртээмжтэй бодлого боловсруулах хамтын ажиллагааны санаачилга юм. Тус код нь дэлхийн 30 орчим улсуудад хэрэгжиж буй бөгөөд Монгол Улс тус санаачилгад нэгдэж буй Төв Ази, Европын бүсийн 4 дэх улс болж байна. Ийнхүү манай улс нэгдсэнээр санхүүгийн байгууллагууд хүйсээр ангилсан мэдээлэл цуглуулж, эдгээр мэдээлэлд суурилсан бодлого боловсруулах үндэс тавигдах, жендер таксономи, эмэгтэй бизнес эрхлэгчдийн өгөгдлийн систем зэрэг олон улсын аргачлалыг нутагшуулах, үүгээр дамжуулан зохицуулагч байгууллагуудын өгөгдөлд суурилсан бодлогын чадавхи сайжрах, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг хөгжлийн банкуудаас санхүү, техник туслалцаа авах суурь бүрдэх юм.
Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк нь тус санаачилгын ерөнхий зохицуулагчаар ажиллаж буй бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтын салбарын төлөөлөл болсон 50 гаруй санхүүгийн байгууллага “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрийн нээлтийн үеэр кодод нэгдэн гарын үсэг зурлаа. Цаашид Санхүүгийн зохицуулах хороо кодыг санхүүгийн салбарын оролцогчдод сурталчлан таниулах, кодод нэгдэх байгууллагуудын тоог нэмэгдүүлэх, хүйсээр ангилсан мэдээллийн чанарыг сайжруулж, нарийвчлалыг нэмэгдүүлэн, өгөгдөлд суурилсан бодлогын шийдвэрийг гаргах замаар санхүүгийн салбар дахь жендэрийн мэдрэмжтэй бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах юм байна.
Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код манай улсад хэрэгжсэнээр зах зээлийн шинжилгээ хийхэд зориулсан хүйсээр ангилсан үндэсний хэмжээний өгөгдөлтэй болж өгөгдөлд суурилсан бодлогын шийдвэр гаргах, банк санхүүгийн байгууллагууд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зэлд нэвтрүүлэх, цаашлаад эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлт нэмэгдэн улс орны эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх болно. Тодруулбал, энэ санаачилга нь санхүүгийн хүртээмжийг ахиулах, эрх тэгш ирээдүйг бий болгохын төлөөх хамтын зүтгэлийн бататгал юм.
“Дэлхийн бизнес эрхлэгчдийн тойм судалгаа (Global Entrepreneurship Monitor)”-ны 2024 оны дүнгээр, дэлхийн хэмжээнд 10 эмэгтэй тутмын 1 нь бизнес эрхэлж байгаа нь 20 жилийн өмнөхтэй харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт юм. Дэлхийн нийт бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 54 хувь нь эмэгтэйчүүд байна. Харин манай улсын хувьд, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн 60 орчим хувь нь эмэгтэйчүүд бөгөөд эдгээрийн 87 хувь нь 10-аас цөөн ажилтантай бичил бизнес эрхэлж байна. Энэ нь эмэгтэйчүүдийн бизнесийн оролцоо өргөн хүрээнд байгааг илтгэх хэдий ч тэдгээрийн үйл ажиллагаа өргөжин тэлэхэд санхүүжилт, зах зээлийн дэмжлэг дутагдаж буйг харуулж байна.
Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код нийт 30 гаруй оронд хэрэгжиж байгаа бөгөөд ЕСБХБ нь тэдгээрийн 13 улсад энэхүү санаачилгыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаагийн нэг нь Монгол Улс юм.