2024-2025 оны хичээлийн жилд төрийн өмчийн ЕБС-ийн 1-5 дугаар ангид суралцдаг 345.5 мянган үдийн хоол хөтөлбөрт хамрагдана. ЕБС-ийн үдийн хоолны зардлыг хүүхдийн хоолоор авах шим тэжээлийн хэрэгцээг хангах зорилгоор хоолны түүхий эдийн зардлыг өдрийн 1500 төгрөг байсныг 1000 төгрөгөөр нэмэгдүүлж 2500 төгрөг, тусгай сургуульд өдрийн 2400 төгрөг байсныг мөн 1000 төгрөгөөр нэмэгдүүлж 3400 төгрөг байхаар тус тус тооцож холбогдох зардлыг төсөвт тусгаж 2024.11.08-нд батлуулсан.
Засгийн газраас алдагдалгүй төсвийн төсөл УИХ-д дахин өргөн барихдаа хоолны түүхий эдийн зардлыг 10 хувь бууруулсан бөгөөд тус зардлын хэмжээ ердийн сургуульд 2250 төгрөг, тусгай сургуульд 3060 төгрөг болохоор байна. Энэ нь 2024 оноос ердийн сургуульд 750 төгрөгөөр, тусгай сургуульд 660 төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм.
Түүнээс гадна төсвийн төсөлд ЕБС-ийн хоол үйлдвэрлэлийн ажилчид болох тогооч, бэлтгэгч, угаагч зэрэг ажилчдын цалин хөлсийг 6 хувь нэмэгдүүлэх болон гал тогооны байр ашиглалтын зардлыг тус тус нэмэгдүүлэхээр тооцож холбогдох зардлыг шинээр өргөн мэдүүлсэн төсвийн төсөлд тусгажээ.
2024-2025 оны хичээлийн жилд улсын хэмжээнд төрийн өмчийн ЕБС-ийн дотуур байранд 38.0 мянган хүүхэд, боловсролын сайдын багцад хамаарах төрийн өмчийн МСҮТ-ийн дотуур байранд 4.0 мянган хүүхэд хамрагдана. Дотуур байрны хүүхдийн нэг өдрийн хоногийн хоолны түүхий эдийн зардлыг бага, дунд ангид 2000 төгрөгөөр нэмэгдүүлж 6000 төгрөг, ахлах анги болон МСҮТ-д 2200 төгрөгөөр нэмэгдүүлж 6500 төгрөг байхаар тус тус тооцон холбогдох зардлыг төсвийн төсөлд тусгаж 2025.11.08-ны өдөр батлуулсан.
Засгийн газраас алдагдалгүй төсвийн төсөл УИХ-д дахин өргөн барихдаа хоолны түүхий эдийн зардлыг 10% бууруулсан бөгөөд тус норматив зардлын хэмжээ бага, дунд ангид 5400 төгрөг, ахлах анги болон МСҮТ-д 5850 төгрөг болохоор байна. Энэ нь бага, дунд ангийн дотуур байранд 1400 төгрөгөөр, ахлах анги болон МСҮТ-ийн дотуур байранд 1550 төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм.
Түүнээс гадна төсвийн төсөлд ЕБС-ийн хоол үйлдвэрлэлийн ажилчид болох тогооч, бэлтгэгч, угаагч зэрэг ажилчдын цалин хөлсийг 6 хувь нэмэгдүүлэх болон гал тогооны байр ашиглалтын зардлыг тус тус нэмэгдүүлэхээр тооцож холбогдох зардлыг шинээр өргөн мэдүүлсэн төсвийн төсөлд тусгасан.