Япон үндэстний уламжлалт цагаан будааны архи буюу сакэг НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага болох ЮНЕСКО-оос Хүн төрөлхтний соёлын биет бус үнэт өвөөр бүртгэж авчээ. Парагвай улсын Луке хотод болсон ЮНЕСКО-ийн их чуулганаар нийт 45 зүйлийн зан заншил, эд бүтээгдэхүүнийг Хүн төрөлхтний соёлын биет бус үнэт өвөөр бүртгэсний дотор сакэнаас гадна Бразилийн цагаан бяслаг, Карибын кассава талх, Палестиний оливын тосны саван зэрэг багтсан байна. ЮНЕСКО-ийн Дэлхийн үнэт өвийн жагсаалтаас ялгаатай нь Хүн төрөлхтний соёлын биет бус үнэт өвийн бүртгэлд олон улсад илүү өргөн хүрээнд танигдах учиртай өвөрмөц зан заншил, зан үйл, үндэсний эд бүтээгдэхүүнийг бүртгэдэг юм.
Япончууд сакэг тэртээ наймдугаар зуунаас эхлэн хийж, хэрэглэж ирсэн бөгөөд 11 дүгээр зуунд бичигдсэн, дэлхийн хамгийн эртний роман гэгдэх “Гэнжийн туульс” зохиолд хүртэл ихэс дээдсийн ундаа хэмээн дурдагдсан байдаг аж.