ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хойд Солонгосын амьтны төв хүрээлэнд 70 гаруй зэрлэг амьтан, түүний дотор нэг арслан, хоёр хүрэн баавгай, хоёр сарлаг, таван тоть, арав гаруй гургуул бэлэглэсэн байна. Оросын Байгаль орчны сайд Александр Козлов саяхан Хойд Солонгост албан айлчлал хийхдээ тус улсын удирдагч Ким Жон Унтай мөн уулзжээ. Энэ нь Москвагийн талаас Пёньянд барьсан ийм төрлийн анхны содон бэлэг биш гэнэ. Ердөө энэ оны эхээр гэхэд Путин Ким Жон Унд цэвэр үүлдрийн 24 адуу илгээж байж.
АНУ болон Өмнөд Солонгосын албаныхны баталж буйгаар өдгөө Хойд Солонгосын 10 мянга гаруй цэрэг Украины нутагт орос цэргүүдтэй зэрэгцэн украинчуудтай тулалдаж байгаа бөгөөд эл тоо ойрын хэдэн сард 100 мянгад ч хүрч магадгүй гэсэн мэдээ байна. Оросын эрх баригчдад Украины нутагт явуулж байгаа дайнд нь холбоотон хэрэгтэй бол Хойд Солонгост пуужингийн хөтөлбөрөө хөгжүүлэхэд нь Оросын сансрын технологи амин чухал байгаа юм.