АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинээс Украинд явуулж буй “инээдэмтэй дайн”-аа даруй зогсоохыг шаардаж, үгүй бол илүү хатуу хориг арга хэмжээтэй нүүр тулахдаа бэлэн байхыг анхаарууллаа. Тэрээр Truth Social нэртэй сошиал медиа платформдоо бичсэн постондоо дайныг хурдхан дуусгахыг шаардаж байгаагаараа Америк улс Орос оронд төдийгүй төрийн тэргүүнд нь асар том тус хүргэж байгааг Путин ойлгох хэрэгтэй гэжээ.
Одоогоор Кремлийн зүгээс ямар нэг хариу мэдэгдэл хийгээгүй байна. Гэхдээ Оросын өндөр дээд албаны нэрээ нууцалсан нэг хүн Орос, Америкийн хооронд шинээр яриа хэлэлцээ хийх шинэ “цонх” нээгдсэн талаар саяхан ам нээсэн гэсэн мэдээ байгаа юм.
Трамп дээрх постондоо “Яг одоо энэ инээдэмтэй, утгагүй дайнаа зогсоо. Одоо байдал улам дордоно. Хэрэв яг одоо ямар нэг тохиролцоо хийхгүй бол тун удахгүй надад Оросын болон бусад холбоотон улсын бараа бүтээгдэхүүнийг Америкт нийлүүлэхэд татвар, тариф, эсвэл хориг арга хэмжээ ногдуулахаас өөр ямар ч сонголт үлдэхгүй нь” гэж бичжээ.