Дональд Трампын Батлан хамгаалахын сайдад нэр дэвшүүлсэн Пит Хегсетийг Америкийн Сенатын гишүүд орон нутгийн цагаар баасан гаргийн орой дэмжиж, 50-51 гэсэн саналын зөрүүгээр албан ёсоор сайдад тохоон томиллоо.

Түүнийг сонгох эсэх хэлэлцүүлгийн үеэр согтууруулах ундааны хамааралтай гэгдэж байсан үеийг нь, 2017 онд Калифорнид нэгэн зочид буудалд нэг эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэрэгт холбогдож байсныг нь, мөн хоёр ч удаа гэрлэхдээ үнэнч бус байсан, хувийн амьдрал нь тогтворгүй талаар сөхөж асуулга явуулсан байна.

Хегсет өөрт нь тулгасан бүхий л хэргийг үгүйсгэж, шүүхээс түүнийг гэм буруугүй гэж үзэж хэдийнээ цагаатгасныг, хэн ч төгс биш, гэхдээ хувьдаа сайн хүн байхыг хичээж ирснээ Сенатын гишүүдэд сануулжээ.

Зэвсэгт хүчинд алба хаасан, нэгэн үе Fox News сувгийн хөтлөгчөөр ажиллаж байсан, энэ жил 44 настай тэрээр ийнхүү гурван сая орчим алба хаагчтай, 849 тэрбум ам.долларын төсөвтэй яамыг тэргүүлэхээр болж байна. Хегсет Афганистан, Иракт алба хаасан бөгөөд Америкийг “нэн тэргүүнд тавих” Трампын үзэл санааг хамгийн ихээр сайшаан дэмжигчдийн нэг юм. Тэрээр 43 насандаа Батлан хамгаалахын сайдаар сонгогдож байсан Рональд Рамсфелдийн дараа орох, Америкийн түүхэн дэх хамгийн залуу хоёр дахь Батлан хамгаалахын сайд болж байна.