Саяхан өөд болсон Перугийн Ерөнхийлөгч асан Альберто Фүжиморигийн дэглэмийн үед буюу 1996-97 онд перу эмэгтэйчүүдийг хэдэн зуун мянгаар нь үргүй болгох төрийн бодлого хэрэгжиж байсныг НҮБ-ын тусгай хороо хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг хэмээн үзжээ. Нийт 23 гишүүнтэйгээр бүтэн гурван жил ажилласан уг хороо анх 2020 онд дээрх бодлогын хохирогч болсон эмэгтэйчүүдийн өргөдөл, гомдлыг хүлээн авснаар байгуулагдсан байна.
Тухайн үеийн Перугийн Засгийн газар иргэдийнхээ нөхөн үржихүйн эрүүл мэндэд анхаарч байна гэх нэрийдлээр 25 мянган эрэгтэйг, бараг 300 мянган эмэгтэйг өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр үргүй болгосон гэсэн судалгаа байдаг аж. Хохирогчдын зарим нь бичиг үсэггүй, чухам ямар баримт бичигт гарын үсэг зурснаа мэдэлгүйгээр мэс ажилбарт орсон гэх бол зарим нь огт өөр шалтгаанаар эмнэлгийн тусламж аваад гарахдаа үргүй болсноо мэдсэн байна. НҮБ-ын тусгай хороо уг явдлыг албан ёсоор хүн төрөлхтний эсрэг үйлдсэн гэмт хэрэг гэж зарласнаас гадна хохирогчдод нөхөн олговор олгохыг Перугийн одоогийн эрх баригчдаас шаарджээ.