Хоногт хоол хүнсээр авах илчлэг болон хөдөлгөөний илч зарцуулалт хоорондын тэнцвэрт бус байдлаас үүдэн биеийн жин нэмэгдэж, илүүдэл жин үүсдэг. Илчлэг өндөртэй хоол, хүнс, хижүүлсэн болон чихэрлэг ундаа, түргэн хоол зэрэг эрүүл бус хүнсний зар сурталчилгаа нь өсвөр насны хүүхдүүд эдгээр хоол хүнсийг ихээр хэрэглэх шалтгаан болж түүнээс үүдэлтэй илүүдэл жин, таргалалт нэмэгдэж байна.

Эрүүл бус хүнсэнд тэжээллэг чанар багатай, өөх тос, сахар, давс ихээр агуулсан, илчлэг өндөртэй бүтээгдэхүүнүүд орно. Хоол тэжээлийн дутлаас үүсэх уураг, илчлэг, А, Д аминдэм, төмрийн дутал нь хүүхдийн эрүүл мэнд, суралцах чадварт сөргөөр нөлөөлдөг байна. Д аминдэм нь бие махбод дахь кальцийн солилцоог зохицуулж, цусан дахь кальцийн түвшинг хэвийн хэмжээнд барих үйл ажиллагааг гүйцэтгэсэнээр ясны бүтэц, хэвийн үйл ажиллагааг хангадаг. Харин  А аминдэм нь арьс салстыг хамгаалах, хүүхдийн өсөлт хөгжил, биеийн дархлааг дэмжих, амьсгалын болон бусад халдварт өвчнөөс сэргийлдэг.

Тиймээс аминдэм, эрдэс бодисын эх үүсвэр болсон хүнсний ногоо, жимс, жимсгэнээр баялаг хоол хүнсийг тогтмол хэрэглэх нь халдварт бус өвчний эрсдэлээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой. Мөн хүний бие махбодод чухал хэрэгцээтэй төгс уураг, олон төрлийн амин дэм, эрдэс бодис, үл орлогдох тосны хүчлүүд агуулагддаг. Тиймээс хүүхдүүддээ сүү, цагаан идээг тогтмол өгч эрүүл мэндэд нь туслахыг зөвлөж байна.